Table of Contents
Интернет бол маш олон төрлийн хачирхалтай, хөгжилтэй, сонирхолтой, гайхалтай сайтуудыг багтаасан хязгааргүй уудам “хар нүх” юм. Хэн нэгэн нь зүгээр л туршиж үзээд орхисон сайт өнөөдрийг хүртэл амьдарсаар байхад, зарим нь зүгээр л ямар нэгэн утгагүй зүйл бүтээх зорилгоор абсурд порталуудыг зориуд нээсэн байдаг.
Бид таныг интернет ертөнцөөр түр саатаж, цахим абсурд болон сонирхолтой бүтээлүүдийн хамгийн тод “сувд”-уудтай танилцахыг урьж байна. Энд зөвхөн утгагүй зүйлс биш, харин дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүмүүсийг цонхоор нь сэм харах, үнэ төлбөргүй аялах эсвэл зүгээр л дэлгэц ширтэн хэдэн цагийг үр дүнгүй өнгөрөөх боломжтой сонирхолтой эх сурвалжууд багтсан байгаа юм.
1. WindowSwap — Бусдын цонхоор дэлхийг тольдох нь
Энэхүү сайт дээр та бусад хүмүүсийн цонхоор харагдах орчныг бодит цаг хугацаанд (real-time) шууд бичлэгээр тольдох боломжтой. Сайтын тусгай товчлуур дээр дарахад дэлхийн хаа нэгтээх санамсаргүй цонх таны өмнө нээгдэнэ. Хэрэв та тодорхой нэг хотыг сонгож харахыг хүсвэл нэмэлт төлбөр төлөх шаардлагатай. Сингапурын нэгэн хосын бүтээсэн уг сайтын уриа нь:
“Таны сонгож болох тайвшрал бэлэглэх бүхэл бүтэн дэлхийн цонхнууд”
Энэ сайт нь аялах боломжгүй байгаа үед бусад орны хүмүүс хэрхэн амьдарч, тэдний цонхоор юу харагддагийг сонирхоход туйлын тохиромжтой.
2. Radio Garden — Хөгжмийн виртуаль аялал
Виртуаль аялал хийх бас нэгэн гайхалтай боломжийг Radio Garden сайт олгодог. Гэхдээ энэ нь хөгжмийн аялал юм. Тус сайт руу ороход дэлхийн бөмбөрцөг ногоон цэгүүдээр дүүрэн харагдах бөгөөд аль нэг цэг дээр дарахад тухайн бүс нутагт яг одоо радио хөгжмөөр ямар дуу явж байгааг шууд сонсох боломжтой.

3. Drive and Listen — Харийн хотын гудамжаар автомашинтай аялах нь
Энэ сайт нь өмнөх сайттай төстэй боловч нэмэлт “эффект”-тэй. Та дэлхийн аль нэг хотыг сонгон, тэндэхийн радиог сонсохын зэрэгцээ тухайн хотын гудамжаар давхиж буй автомашины урд суудалд суугаад аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц 4K бичлэгийг үзэх болно. Алжаал тайлж, тайвшрахад хамгийн шилдэг сонголт.
4. Zoomquilt — Төгсгөлгүй зургаар ховсдуулах нь
Хэрэв та дэлгэц рүү хэдэн минут, магадгүй хэдэн цагаар ч хамаагүй “гөлөрч” залихыг хүсвэл Zoomquilt сайт руу ороорой. Энд тасралтгүй дотогшоо томрон ойртох (zoom) сюрреалист аварга том зураг таныг ховсдох болно. Нэгэн зөгнөлт дүрслэл нөгөө рүүгээ маш уян хатан шилжин үргэлжилнэ. Үүнийг Берлины зураач Николаус Баумгартен бусад уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

5. Long doge challenge — Төгсгөлгүй сунадаг нохой
Хамгийн хачирхалтай бөгөөд утгагүй сайтуудын нэг. Та дэлгэцээ доош нь гүйлгэх (scroll) тусам алдартай “Doge” нохойны бие сунаж, дуусахгүй үргэлжилнэ. Гүйлгэх тусам та “WOW” гэсэн үгнүүдийг цуглуулах бөгөөд дараа нь тэрхүү урт нохойг хэвлэж аваад ханандаа наасан ч болно.
6. Staggering Beauty — Курсор дагадаг хачирхалтай “өт”
Энэ бол маш хачирхалтай сайт бөгөөд таны хулганы курсорыг дагаж хөдлөх нүдтэй, хар өнгийн өт шиг амьтан дэлгэц дээр гарч ирнэ. Хамгийн гол сонирхолтой хэсэг нь: хэрэв та курсороо маш эрчимтэй, хурдан хөдөлгөж эхэлбэл дэлгэцэн дээр психоделик (галзуу хуурталтай) диско анивчиж, хөгжим явж эхэлнэ. Энэ нь сонин ч гэсэн маш хөгжилтэй.
Дэлхий дээр иймэрхүү хачирхалтай, сонирхолтой, утгагүй сайтууд асар олон байдаг. Хэрэв та илүү олныг үзэхийг хүсвэл The useless web сайт руу ороорой. Тэрхүү сайт нь таныг дарах бүрт дэлхийн хамгийн хэрэггүй бөгөөд сонин сайтуудын аль нэг рүү санамсаргүй байдлаар шууд шилжүүлж өгөх болно.