Хятадад түүхэндээ анх удаа ахмад настнуудын тоо хүүхдийн тооноос давжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадад ахмад настны тоо анх удаа хүүхдүүдээс давжээ

Хятад улсад 65-аас дээш насны иргэдийн тоо 0-14 насны хүүхдүүдийнхээс илүү олон болсон байна. Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, энэ нь БНХАУ-д 1949 оноос хойш хүн ам зүйн ажиглалт, судалгаа хийж эхэлсэн түүхэнд анх удаа бүртгэгдэж буй тохиолдол ажээ.

“Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Хятадын ойролцоогоор 1.4 тэрбум хүн амын 15.87 хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлж байсан бол 0-14 насны хүүхдүүд 15.25 хувийг эзэлж байна” хэмээн South China Morning Post (SCMP) сонин судалгааны үр дүнгээс иш татан мэдээлэв.

Эдгээр өгөгдлийг арваннэгдүгээр сард явуулсан “мини тооллого” буюу 20 гаруй сая хүнийг хамарсан түүвэр судалгааны үр дүнг нэгтгэн тооцож гаргасан байна. Ийм түүвэр судалгааг 10 жил тутамд болдог үндэсний хүн амын тооллогуудын дундуур зохион байгуулдаг аж. БНХАУ-ын хамгийн сүүлийн буюу долоо дахь удаагийн хүн амын нэгдсэн тооллого 2020 онд болсон юм.

Хөдөлмөрийн чадвартай хүн амын бууралт

Дээрх судалгаагаар ахмадуудыг асарч хамгаалах үүрэгтэй тус улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо мөн адил буурч байгаа нь тогтоогджээ. Өдгөө 15-59 насны иргэд нийт хүн амын 61.89 хувийг эзэлж байгаа нь 10 жилийн өмнөхөөс (67.33 хувь) эрс буурсан үзүүлэлт юм.

Хүн ам зүйн шинжээч Хэ Яфу SCMP сонинд өгсөн тайлбартаа, эдгээр тоо баримтууд нь гэр бүлийн харилцаанд суурилсан Хятадын уламжлалт ахмад настныг асрах загварт асар их ачаалал ирж, улмаар нийгмийн тэтгэврийн сангийн дарамт нэмэгдэж байгааг илтгэж байна хэмээн тэмдэглэжээ.

“Гэр бүлийн түвшинд ахмад настнуудын тоо нэмэгдэж, өрхийн хэмжээ жижгэрэх хандлагатай байгаа нь уламжлалт гэр бүлийн асаргааны загварт асар том дарамт учруулж байна” гэж шинжээч онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй