Ли Жэ Мён БНАСАУ-тай хэлэлцээ эхлүүлэхийн тулд хоригийг зөөлрүүлэх санал дэвшүүлжээ

0 comments
Ли Жэ Мён

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНАСАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй зарим хориг арга хэмжээг сулруулах асуудлыг авч үзэхийг Вашингтонд уриалсан байна. Түүний тайлбарласнаар ийм алхам нь Пёньяны цөмийн болон тив алгасах пуужингийн хөтөлбөрийг царцаах хэлэлцээ эхлүүлэхэд ашиглаж болох нэг хувилбар аж.

Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай шууд хэлэлцээ хийх боломжтой удирдагчдын нэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Тэртээ тэргүй үр нөлөөгүй байгаа хориг арга хэмжээг цуцалж, оронд нь цөмийн нэмэлт зэвсэг болон тив алгасах пуужин бүтээхийг зогсоох нь асар их ач холбогдолтой гэж би итгэж байна” гэж хэлсэн байна.

Эхний зорилго нь зэвсэглэлийн хөтөлбөрийг царцаах

БНСУ-ын Ерөнхийлөгчийн танилцуулсан байр суурийн дагуу хэлэлцээний эхний шатанд БНАСАУ-ын зэвсэглэл нэмэгдүүлэх үйл явцыг зогсоохыг зорих аж. Үүний дараа харилцан буулт хийх замаар итгэлцэл бий болгож, цаашлаад Пёньяны цөмийн зэвсгийг бууруулах асуудлыг хэлэлцэх боломжтой гэж тэрбээр үзжээ.

Ли Жэ Мён урт хугацааны зорилго нь БНАСАУ цөмийн зэвсэггүйгээр аюулгүй оршин тогтнож чадна гэсэн итгэл төрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж тайлбарласан байна. Энэ нь Сөүлийн зүгээс дэвшүүлж буй дипломат арга замын тухай түүний өөрийн байр суурь юм.

НҮБ-ын индэр дээр Солонгосын хойгийн асуудлыг хөндөнө

Ли Жэ Мён есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр төлөвлөжээ. Тэрбээр НҮБ-ын шинэчлэл, олон улсын тулгамдсан асуудалд БНСУ-ын оруулах хувь нэмэр, мөн Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших тухай байр сууриа танилцуулах аж.

Эхэд дурдсанаар өнгөрсөн наймдугаар сард Доналд Трамп АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын үр нөлөөний талаар эргэлзэж байгаагаа илэрхийлж, цар хүрээ болон хугацааг нь бууруулсан байна. Мөн тэрбээр өмнө нь Ким Жон Унтай харилцаатай гэдгээ онцолж байсан гэж мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй