Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллаж, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хос даль” хотхоны арын талбайд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд газрын маргаантай байсан уг асуудлыг аж ахуйн нэгжтэй зөвшилцөж, нөхөн олговор олгох замаар шийдвэрлэснээр ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Тус байршилд 1,200 орчим оршин суугч амьдардаг ч ойр орчимд нь улсын сургууль байхгүйгээс хүүхдүүд хол зайтай 15, 18 дугаар сургууль болон Нарны хорооллыг зорьдог байсан юм. Шинэ сургууль ашиглалтад орсноор оршин суугчдын хүүхдүүд гэрээсээ холдохгүйгээр амьдарч буй орчиндоо боловсрол эзэмших таатай боломж бүрдэж байна.
Сургуулийн барилгын талаарх онцлох мэдээллүүд:
- Хүчин чадал: 480 хүүхдийн суудалтай.
- Талбайн хэмжээ: 4,800 ам метр талбай бүхий газарт баригдана.
- Тохижилт: Гаднаа хүүхдийн тоглоомын талбай болон хөл бөмбөгийн талбайтай, хүүхдэд ээлтэй орчныг иж бүрэн бүрдүүлнэ.
- Хугацаа: Гүйцэтгэгч байгууллага техникийн нөхцөл бэлэн болсон тул 2027 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар барилгын явцад НИТХ-д тус дүүргээс сонгогдсон төлөөлөгчдийг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгоод, ирэх жилийн төсөвт санхүүжилтийг нь бүрэн суулгаж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна гэдгээ онцоллоо. Энэ нь нийслэл хотоос баримталж буй “Хотхон, хорооллууд орчиндоо сургууль, цэцэрлэгтэй болох” зорилтын нэг хэсэг юм.