Хятадад ахмадууд төлбөртэй “түр хүүхэд” хөлслөх болжээ

0 comments
түр хүүхэд

Хятадад ганцаараа амьдардаг ахмадууд ярилцаж, хамт байх хүнтэй болохын тулд төлбөртэй “түр хүүхэд” хөлслөх болжээ. Энэ талаар The Business Standard мэдээлсэн байна.

Ийм үйлчилгээ авдаг хүмүүсийн нэг нь Бээжингийн захад ганцаараа амьдардаг, Ян овогтой 91 настай эмэгтэй юм. Тэрээр нөхрөө нас барсны дараа сэтгэл гутралд орсон бөгөөд глауком өвчин нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж ярьжээ.

“Заримдаа хүнтэй яримаар санагдахад телевизортойгоо ярьдаг байлаа” гэж тэр дурссан байна.

Ганцаардал түүнд маш хүнд туссан тул хүүгээсээ эвтанази хийлгэх зөвшөөрөл хүсэж байсан гэжээ. Харин төлбөртэй хамтрагчийн үйлчилгээ байдгийг мэдсэнээр нөхцөл байдал нь сайжирсан байна.

Хамтрагчид түүн дээр өдөрт хоёр удаа ирж, халуун хоол авчран, эвдэрсэн ахуйн хэрэгслийг нь ч засаж өгдөг болжээ.

“Сэтгэлийнхээ нандин бодлыг хуваалцаж болох, итгэж найдах хүн хажууд байхад сайхан. Би одоо нэлээд аз жаргалтай байна” гэж эмэгтэй хэлжээ.

Ийм үйлчилгээний бизнесийн санааг Ван овогтой эр боловсруулсан байна. Түүний хадам аав чанар муутай асрамжийн газарт орсны дараа энэ төслийг эхлүүлэх санаа төржээ.

“Бид өөрсдийгөө ‘нийгмийн хүүхдүүд’ гэж үздэг. Энэ нь ахмад настнуудын оронд өөрсдийгөө тавьж, тэдний хэрэгцээг ойлгоно гэсэн үг. Ахмадууд бидэнд хүүхэд шигээ ханддаг бол бид тэдэнд эцэг эх шигээ ханддаг” гэж тэр тайлбарлажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй