80 настай Америкийн жүжигчин Сильвестр Сталлоне 30 настай охин София Роузынхаа удахгүй болох хуримын зардлыг төлөхийн тулд үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэжээ. People-ийн мэдээлснээр, тэр энэ тухай Live with Kelly and Michael ток шоунд оролцох үеэрээ ярьсан байна.
Нэвтрүүлгийн хөтлөгч Келли Рипа хуримд хэр их мөнгө зарцуулахыг нь асуухад Сталлоне хошигнон:
“Үүнийг хэлэхээс ч жаахан санаа зовмоор юм. Гэхдээ би тэтгэвэрт гарч чадахгүй. Үнэхээр шүү” гэж хариулжээ.
София Сталлоне 2026 оны 8-р сарын 28-нд хайртай залуу Майкл Шиэнтэй сүй тавьснаа зарласан байна. Сильвестр Сталлоне ток шоуны үеэр ирээдүйн хүргэнээ “сайн залуу” хэмээн сайшаажээ. Rocky киноны одын хэлснээр, Майкл Софияд гэрлэх санал тавихаасаа өмнө түүнээс ерөөл, зөвшөөрөл хүссэн аж.
Сильвестр Сталлоне таван хүүхэдтэй. Жүжигчин Саша Зактай гэрлэж байхдаа хоёр хүүтэй болсон байна. Тэдний ууган хүү Сейж Сталлоне 1976 оны 5-р сарын 5-нд төржээ. Тэрээр аавтайгаа хамт Rocky цувралын тавдугаар ангид болон Daylight триллер кинонд тоглосон. Сейж Сталлоне 2012 оны 7-р сарын 13-нд 36 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгсжээ.

Зак, Сталлоне нарын хоёр дахь хүү Сержио 1979 онд төрсөн байна. Түүнийг гурван настай байхад аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношилжээ.
Өдгөө Сталлоне 58 настай загвар өмсөгч Женнифер Флавинтай гэрлэсэн бөгөөд тэд гурван охинтой.
София Роуз 1996 оны 8-р сарын 27-нд төржээ. Зүрхний хавхлагын төрөлхийн эмгэгийн улмаас хоёр сартайд нь зүрхний мэс засал хийсэн бөгөөд 2012 онд дахин мэс засалд орсон байна. Тэрээр 2019 онд Өмнөд Калифорнийн их сургуулийг загварын чиглэлээр төгсжээ.
Сталлоне, Флавин нарын хоёр дахь охин Систин Роуз Сталлоне 1998 оны 6-р сарын 27-нд төрсөн. Тэрээр ээжийнхээ замналыг даган загвар өмсөгч болж, 2016 онд IMG Models агентлагтай гэрээ байгуулжээ. Систин Chanel-ийн загварын шоунд ч оролцож байсан байна.
2019 онд тэрээр 47 Meters Down: Uncaged аймшгийн кинонд тоглож, жүжигчний гараагаа эхлүүлжээ. Мөн 2021 оны Midnight in the Switchgrass кинонд Брюс Уиллис, Меган Фокс болон бусад жүжигчинтэй хамт тоглосон байна.
Сталлоне, Флавин нарын бага охин Скарлет Роуз 2002 оны 5-р сарын 25-нд төржээ. Тэрээр 2021 онд сургуулиа төгсөж, 2024 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр болсон Tommy Hilfiger-ийн коллекцийн шоунд оролцон тайзнаа анхны алхмаа хийсэн байна.
