Англи, Уэльст уламжлалт Британийн овгуудын хэрэглээ буурч байна. Энэ талаар Их Британийн Үндэсний статистикийн алба (ONS)-наас авсан мэдээлэлд тулгуурлан Daily Mail мэдээлжээ.
1996 онд шинээр төрсөн хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл овог нь Смит, Жонс, Уильямс байв. Мөн эхний аравт Тейлор, Браун, Дэвис, Эванс, Томас, Жонсон, Уилсон зэрэг зөвхөн уламжлалт Британийн овгууд багтаж байжээ.
Харин 2025 онд Смит овог жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа ч эхний аравт үлдсэн уламжлалт Британийн овог ердөө хоёр болжээ. Жонс тавдугаар, Уильямс наймдугаар байрт орсон байна.
2025 онд шинээр төрсөн хүүхдүүдийн дунд түгээмэл байдлаараа Хан овог хоёрдугаарт бичигджээ. Мөн Ахмед, Али, Хуссейн, Сингх, Патель, Каур зэрэг овог эхний аравт багтсан байна.
Смит болон Уильямс овгийн түгээмэл байдал 43%-иар буурсан бол Хан, Ахмед, Али овгийн хэрэглээ хоёр дахин өсжээ. Харин сикх гаралтай Сингх, Каур овгийн түгээмэл байдал тав дахин нэмэгдсэн байна.
“Цагаачлалын хяналтын төв” төрийн бус байгууллагыг төлөөлдөг Daily Mail-ийн шинжээч Роб Бейтсийн үзэж буйгаар, эдгээр үзүүлэлт болон өөрчлөлтийн хандлага нь тус улсад өрнөж буй “хурдан хүн ам зүйн өөрчлөлт”-ийг харуулж байна.
Үндэсний статистикийн албаны мэдээлснээр, 2025 онд Англи, Уэльст шинээр төрсөн хөвгүүдэд хамгийн түгээмэл өгсөн нэр нь Мухаммад, охидынх Оливия байжээ.
