АНУ-ын бага сургуульд буудалцаан болж, гурван хүүхэд, нэг багш амиа алджээ

0 comments
Бенд

АНУ-ын Орегон мужийн Бенд хотын бага сургуульд 16 настай өсвөр насны хүү гал нээж, гурван хүүхэд болон нэг багшийн аминд хүрсэн байна. Хожим нь түүнийг нутгийн нэгэн оршин суугч буудан хороожээ. BBC-ийн мэдээлснээр, энэ талаар орон нутгийн цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.

Амиа алдсан хүүхдүүд 5, 8, 11 настай байжээ. Мөн 7 настай нэг хүүхэд болон 54 настай багшийг биеийн байдал нь хүнд байхад эмнэлэгт хүргэсэн байна.

Хууль сахиулагчдын мэдээлснээр, халдлага үйлдэгч Silver Rail Elementary бага сургуульд нэвтрэхдээ түгжээтэй хаалганууд руу буудсан байна. Цагдаа нар түүний наснаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Мөн халдлага үйлдэгч тус сургуультай ямар нэгэн холбоотой байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

“Энэхүү утга учиргүй эмгэнэлт явдал биднийг цочирдуулж, гүн эмгэнэлд автууллаа” гэж Бенд–Ла-Пайн сургуулийн дүүргийн тэргүүн Стивен Кук мэдэгджээ.

“Манай орон нутгийнхан ямар их уй гашуу туулж байгааг үгээр илэрхийлэх аргагүй” гэж тэр нэмж хэлсэн байна.

Бенд хотын цагдаагийн дарга Майк Кранцын хэлснээр, халдлага үйлдэгчийг сургууль руу нэвтэрч байгааг анзаарсан нутгийн нэгэн оршин суугч араас нь дагаж, улмаар буудсан байна.

Орегон мужийн захирагч Тина Котек тухайн оршин суугчид талархал илэрхийлж, түүнийг “цаашид хүний амь эрсдэхээс сэргийлэхийн тулд баатарлагаар оролцсон” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй