Хятадад нэгэн гэмт хэрэгтэн шоронд орохоос зайлсхийхийн тулд 20 гаруй жилийн турш нас барсан ихэр ахынхаа нэрээр амьдарч байжээ. Энэ талаар South China Morning Post мэдээлсэн байна.
2002 онд Жэжян мужид дээрмийн хэрэг гарчээ. Долоон сэжигтэн нэг хүнийг барьцаалж, мөнгө болон үнэт эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Цагдаа нар зургаан сэжигтнийг удалгүй баривчилсан ч Чэнь овогтой долоо дахь этгээд зугтаж чаджээ. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа мухардсан байна.
Таван жилийн дараа цагдаа нар өөр мужийн хууль сахиулагчдаас Чэнийг зам тээврийн ослоор нас барсан тул өрхийн бүртгэлээс хассан тухай мэдэгдэл хүлээн авчээ. Сэжигтнийг нас барсан гэж үзэн хэргийг хаасан байна.
Гэвч 19 жилийн дараа ээлжит шалгалтын үеэр цагдаа нар Аньхой мужаас ирсэн нэгэн сэжигтэй мэдээлэлтэй таарчээ. Тэнд олон жилийн турш нас барсан ихэр ахынхаа нэрээр амьдарч буй эрэгтэй байгааг тогтоосон байна.
Лун овогтой мөрдөгч 2002 оны хэргийн материалыг дахин шалгаж, мэдээллүүдийг харьцуулжээ. Ингэхэд зугтсан Чэнь болон шинээр илэрсэн хүний талаарх мэдээлэл хоорондоо давхцаж байгааг анзаарсан байна.
Цагдаа нар Аньхой мужид очиж шалгахад Чэний эх, эгч болон нутгийн зарим оршин суугч түүнийг нууж, хамгаалж байсан нь тогтоогджээ. Тэдний ярьснаар ослоор Чэний дүү нас барсан гэх боловч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байжээ. Осолд түүний ихэр ах нас барсан бөгөөд зугтаж явсан Чэнь ахынхаа нэр, бичиг баримтыг ашиглан амьдарч эхэлсэн байна.
Үүнийг нотлох амаргүй байжээ. Өрхийн бүртгэлийн байгууллага, замын цагдаа, оршуулгын газрын бүх албан ёсны баримт бичигт Чэнийг “нас барсан” гэж бүртгэсэн байсан аж. Тэр бүү хэл зам тээврийн ослын анхны хэргийн материалыг ч олж авч чадаагүй байна.
Чэний төрөл төрөгсөд мөрдөн шалгах ажиллагаанд туслахаас татгалзжээ. Тиймээс цагдаа нар түүний нас барсан ихэр ахын хуучин найз бүсгүйг олсон байна. Тэд гэрлэхээр төлөвлөж байсан ч ослын дараа эмэгтэй харилцаагаа гэнэт тасалжээ.
Эхэндээ тэр юу ч хэлэхээс татгалзсан ч цагдаа нар нөхцөл байдлыг тайлбарласны дараа үнэнийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр, 19 жилийн өмнө ослоор нас барсан хүн нь зугтаж явсан Чэнь биш, харин түүний ихэр ах байжээ. Үүний дараа Чэнийг баривчилсан байна. Хятадын хуулиар түүнд 3-10 жилийн хорих ял оноож болзошгүй аж.
