Instagram сүүлийн арван жилд анх удаа алдарт текстэн логогоо шинэчилжээ. Meta-ийн танилцуулснаар, шинэ бичвэрийг платформын хуудасны дээд хэсэгт харуулах бөгөөд илүү орчин үеийн, цэгцтэй харагдуулах зорилготой аж.
Гэвч шинэчлэлтийг хэрэглэгчид нэг мөр сайшаасангүй. Зарим нь үүнийг “дизайны алдаа”, зарим нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн мэт сул гүйцэтгэлтэй ажил гэж шүүмжилж байна.
Шинэ бичвэр яагаад шүүмжлэл дагуулав
Instagram-ийн тэргүүн Адам Моссери шинэ логог Threads хуудсаараа албан ёсоор танилцуулж, өмнөх хувилбар нь бүтэн арван жил өөрчлөгдөөгүй байсан гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, аппын дүр төрхийг илүү орчин үеийн болгохын тулд шинэчлэл хийх шаардлагатай байсан байна.
Шинэ лого нь хуучин курсив бичлэгийн уур амьсгалыг хадгалахыг оролдсон ч илүү энгийн, зарим хэсэгтээ хачин хэлбэртэй болсон гэж хэрэглэгчид үзэж байна. Meta-ийн албан ёсны блогт дурдсанаар, шинэ хэв маягийг ирэх саруудад дэлхий даяар үе шаттайгаар нэвтрүүлэх бөгөөд энэ нь платформын бүтээлч нийгэмлэгтэй хамт брэндийг хөгжүүлэхэд тусална гэж үзжээ.
Хамгийн их маргаан дагуулсан хэсэг нь “r” үсэг байв. Түүний хэлбэр “z” шиг харагдаж байгаа тул зарим хэрэглэгч Instagram нэрийг “Instagzam” мэт уншигдаж байна гэж хошигножээ. Мөн “n” болон “s” үсгүүд хоорондоо хэт нийлж, нэг “m” шиг харагдаж байна гэсэн шүүмжлэл гарсан байна.
Дизайнерууд болон хэрэглэгчид шинэ логоны рукопис хэв маягийг хэвлэмэл элементүүдтэй хачин хослуулсан гэж онцолсон. Зарим мэргэжилтэн үүнийг нейросүлжээ хүний бичгийг хуулбарлах гэж оролдсон ч үсгүүдийг хэрхэн зөв холбохоо ойлгоогүй мэт харагдаж байна гэж тайлбарлажээ. Ялангуяа “t” болон “a” үсгийн холбоос байхгүй, мөн “g” үсгийн сүүл дутуу хөгжсөн мэт харагдаж байгаа нь анхаарал татсан байна.
Шинэ лого мем болж эхэлжээ
Threads-ийн нэг хэрэглэгч шинэ логог “муухай” гэж нэрлэсэн бөгөөд үүнийг Instagram-ийн удирдлага харж, хариу өгсөн байна.

Сонирхолтой нь, логог тойрсон маргаан аль хэдийн мем болж эхэлжээ. Зарим компаниуд сошиал сүлжээнд өөрсдийн логог Instagram-ийн шинэ бичлэгтэй төстэй хэв маягаар өөрчилж хошигнож байна. Тухайлбал, OpenAI өөрийн хуудсанд “ChatGPT” гэсэн бичигтэй зураг нийтэлсэн бөгөөд сонгосон фонт нь Instagram-ийн шинэ логонд ашигласан хэв маягтай төстэй байв.

Шүүмжлэл зөвхөн энгийн хэрэглэгчдээс бус, дизайнеруудаас ч гарч байна. Зарим нь логог дэлгэрэнгүй задлан шинжилж, уншигдах байдал болон брэндийн танигдах чанарт асуудал үүссэн гэж дүгнэжээ. Харин зарим шүүмжлэгч энэ редизайныг “корпорацын ragebait” буюу анхаарал татахын тулд зориуд маргаан дагуулах шийдвэр гэж үзэж байна.
Гэсэн ч олонхын байр суурь илүү энгийн: Instagram танигдахуйц хэв маягаа хэт хялбаршуулах гэж оролдоод, эцэст нь өөрийн онцлог болон уншигдах байдлыг сулруулсан гэж үзэж байна.
Шүүмжлэл их байгаа ч Instagram ойрын хугацаанд шинэ логогоосоо татгалзах магадлал бага бололтой.