Xiaomi корпораци өөрийн хэд хэдэн алдартай ухаалаг утас болон таблетуудын албан ёсны дэмжлэгийг зогсоожээ. Энэхүү өөрчлөлтийг тус компанийн шинэчлэгдсэн EOL (End of Life буюу Амьдралын мөчлөг дууссан) төхөөрөмжүүдийн жагсаалтаас BGR хэвлэлийнхэн олж тогтоосон байна.
Дэмжлэг нь дуусгавар болсон төхөөрөмжүүд
7-р сарын шинэчлэгдсэн жагсаалтад дараах загварууд багтжээ:
- Ухаалаг утаснууд: Xiaomi 12, Xiaomi 12 Pro, Xiaomi 12S Ultra, Poco X5 5G, Poco X5 Pro 5G, Redmi Note 12T Pro, Redmi K60E, Redmi 10 5G.
- Таблетууд: Xiaomi Pad 6 болон Pad 6 Pro.
Эдгээр загваруудын олонх нь Орос, Хятад, Индонез зэрэг улсуудын зах зээлд өнөөдрийг хүртэл эрэлттэй хэвээр байгааг сэтгүүлчид онцолж байна. Тухайлбал, Xiaomi 12 цуврал нь 2021 оны сүүлээр танилцуулагдаж, 2022 оны хавраас худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгчид одоо ч идэвхтэй ашигласаар байгаа юм.
EOL статус гэж юу вэ?
Төхөөрөмж EOL статус авсан тохиолдолд үйлдлийн системийн шинэчлэлт, алдааны засалт болон аюулгүй байдлын нөхөөсүүдийг (security patches) дахин хүлээн авахгүй. Ухаалаг утас, таблетууд хэвийн ажиллах боловч цаг хугацааны явцад аюулгүй байдал нь суларч, шинэ аппликейшнуудтай зохицон ажиллах чадвар нь буурах эрсдэлтэй байдаг.
Xiaomi компани ухаалаг утаснуудаа худалдаанд гарсан өдрөөс хойш хамгийн багадаа дөрвөн жилийн турш програм хангамжийн дэмжлэгээр хангахаа мэдэгдээд байгаа билээ. Гэвч энэхүү дүрмийг тус компани 2025 онд албан ёсоор баталж хэрэгжүүлсэн тул түүнээс өмнө гарсан загваруудын дэмжлэг үзүүлэх хугацаа ийнхүү харьцангуй богино байна.