УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр ээжүүд 0-1 насандаа эндсэн хүүхдээ одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрх зүйн таатай орчин бүрдэж байна.
Шинэ хуулиар гарах гол өөрчлөлтүүд:
- Насны хязгаарлалтын нөхцөлийг өөрчилсөн нь: Хүүхэд нь заавал нэг нас хүрсний дараа “Алдарт эх”-ийн одон олгодог байсан хуучин зохицуулалтыг халж байгаа юм.
- Одон авах хугацаа дөхлөө: Өөрөөр хэлбэл, эхчүүд төрөөд ердөө нэг сар болсны дараа холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөөд одонгоо авах боломжтой болов.
Хууль хэрэгжих хугацаа ба тооцоолол
Дээрх хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийн зохицуулалтад хамрагдах хүсэлтэй эхчүүд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр одонгоо авах юм.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр урьдчилсан тооцооллоор:
- 27,100 ээж “Эхийн алдар II” зэргийн одон,
- 10,154 ээж “Эхийн алдар I” зэргийн одон авна гэсэн тооцоо гарчээ.
Ташрамд дурдахад: Төрийн ордонд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 12,306 ээж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж байгаа юм.