Table of Contents
Жижиг арал улс ДАШТ-ийн эхэнд том сенсац тарив
Атлантын далайн бяцхан арал улс Кабо-Верде хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо Испанийн хүчирхэг шигшээ багтай 0:0 харьцаагаар тэнцэж, дэлхийн хөлбөмбөгийн фэнүүдийг гайхшрууллаа.
Энэ тоглолтын гол баатар нь 40 настай хаалгач Возинья байв. Тэрээр Испанийн хаалга руу чиглэсэн долоон цохилтыг хааж, багтаа түүхэн нэг оноо авчрахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.
Возинья нэг тоглолтын дараа Instagram-д 2 сая дагагчтай болов
Испанийн эсрэг гайхалтай тоглолтын дараа Возиньягийн нэр цахим орчинд огцом түгжээ. Кабо-Вердегийн хаалгачийн Instagram хуудас богино хугацаанд 2 сая дагагчтай болсон байна.
ДАШТ-д анх удаа оролцож буй жижиг улсын хаалгач Европын аварга багийн довтолгоог зогсоосон нь түүнийг тэмцээний хамгийн их яригдсан тоглогчдын нэг болголоо.
Тоглолтын дараах нулимсны шалтгаан
Возинья тоглолтын төгсгөлд уйлж байсан нь олон хүний анхаарлыг татсан. Тэрээр өөрийн бүтээсэн энэ түүхэн мөчийг эмээ, өвөө болон ээждээ үзүүлж чадаагүйдээ харамссан байна.
Хаалгачийн ярьснаар, тэрээр өвөө эмээтэйгээ өссөн бөгөөд тэд түүний амьдралын хамгийн чухал хүмүүс байжээ. Гэвч тэд хэдэн жилийн өмнө нас барсан тул түүний ДАШТ-ийн анхны том амжилтыг харж чадсангүй.
Ээж нь визийн бондын улмаас АНУ-д ирж чадаагүй
Возиньягийн ээж мөн тоглолтыг газар дээрээс нь үзэж чадаагүй байна. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын засаг захиргаа дэлхийн хэд хэдэн орныг визийн бондын хөтөлбөрт нэмж хамруулахдаа Кабо-Верде улсыг багтаасан юм.
Ингэснээр тус улсын иргэд АНУ-ын виз авахын тулд 15,000 ам.доллар хүртэл бэлэн мөнгө барьцаанд тавих шаардлагатай болсон байна. Энэ шалтгааны улмаас Возиньягийн ээж визийн хүсэлт гаргаж чадаагүй гэж мэдээлжээ.
“Ээжийгээ энд байгаасай гэж хүсэж байсан”
Возинья тоглолтын дараа гэр бүлийнхээ тухай ярихдаа сэтгэлээ барьж чадсангүй.
“Би өвөө эмээтэйгээ өссөн, харамсалтай нь тэд энд байгаагүй. Тэд хэдэн жилийн өмнө нас барсан учраас би уйллаа. Тэд миний амьдралын бүх зүйл байсан. Би бас ээжийгээ визийн улмаас энд авчирч чадаагүйдээ харамсан уйллаа. Визийн барьцааны мөнгийг би хугацаанд нь төлж чадаагүй. Би ээжийгээ энд байгаасай гэж хүсэж байсан юм. Гэхдээ би маш их баяртай байна” гэж Возиньа ярьжээ.
Түүний энэ үг олон фэний сэтгэлийг хөдөлгөж, Кабо-Вердегийн түүхэн тэнцээ зөвхөн спортын амжилт бус, хүний амьдрал, гэр бүл, мөрөөдөлтэй холбоотой түүх болж хувирсан юм.
Амжилтаа багтаа зориулсан хаалгач
Тоглолтын шилдэг тамирчнаар нэрлэгдсэн ч Возинья энэ амжилтыг ганцаараа бүтээсэн гэж үзээгүй байна. Тэрээр багийнхаа хамтын хөдөлмөрийг онцолжээ.
Тэрбээр цааш нь “Би энэ мөчийн төлөө бүх амьдралаа зориулсан. Би одоо 40 настай. 2012 онд 25 настайгаасаа мэргэжлийн хөл бөмбөг тоглож эхэлсэн. Намайг өнөөдрийн тоглолтын шилдэг тамирчнаар шалгаруулсан ч энэ бол манай багийн амжилт юм. Тэдэнгүйгээр ийм амжилт гаргах боломжгүй байсан. Би Кабо Верде болон ард түмнийхээ төлөө үргэлжлүүлэн хөдөлмөрлөх болно” гэж хэлсэн юм.
Испани довтолсон ч Кабо-Верде хамгаалалтаа эвдүүлсэнгүй
Испанийн шигшээ баг тоглолтын ихэнх хугацаанд бөмбөг эзэмшиж, санаачилгыг гартаа авсан байна. Гэвч Кабо-Вердегийн зохион байгуулалттай хамгаалалт Европын аварга багт гоол оруулах боломж олгосонгүй.
Ферран Торресын нэг цохилт хаалганы шон оносон нь Испанийн хожилд хамгийн ойртсон мөч байв. Харин бусад аюултай цохилтуудыг Возинья хааж, багийнхаа түүхэн үр дүнг хамгаалж чадсан байна.
“Н” хэсэгт өрсөлдөөн тэнцүү эхэллээ
Испани болон Кабо-Верде “Н” хэсэгт багтаж байгаа бөгөөд хоёр баг эхний тоглолтоосоо тус бүр нэг оноо авлаа.
Мөн тус хэсгийн нөгөө тоглолт болох Уругвай, Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 1:1 харьцаагаар тэнцсэн байна. Саудын Арабын багаас Абдулла Аль-Амри 41 дэх минутад гоол оруулсан бол Уругвайн хагас хамгаалагч Максимилиано Араужо 80 дахь минутад хариу гоол хийжээ.
Дараагийн тойргийн тоглолтууд
Хоёрдугаар тойрогт Саудын Арабын шигшээ баг зургаадугаар сарын 21-нд Испанитай тоглоно. Харин Уругвайн шигшээ зургаадугаар сарын 22-нд Кабо-Вердегийн багтай учраа таарах юм.
Кабо-Вердегийн хувьд Испанийн эсрэг авсан нэг оноо нь түүхэн эхлэл болсон ч дараагийн тоглолтууд илүү хүнд сорилт байх нь гарцаагүй.
Кабо-Верде жижиг улс ч дэлхийд өөрийгөө харуулж эхэллээ
Кабо-Верде нь Баруун Африкийн эргээс холгүй орших, галт уулын гаралтай арван арал бүхий улс юм. Тус улс ердөө 4,033 хавтгай дөрвөлжин километр нутагтай, хагас сая гаруй хүн амтай.
Гэсэн хэдий ч Кабо-Верде FIFA-гийн чансаагаар дэлхийн 200 орчим улсаас 64 дүгээрт эрэмбэлэгдэж, энэ жилийн ДАШТ-д анх удаа оролцох эрхээ авсан байна.
Возинья ДАШТ-ийн хамгийн сэтгэл хөдөлгөм баатруудын нэг болов
Испанийн эсрэг 0:0-ийн тэнцээ Кабо-Вердегийн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал боллоо. Харин энэ түүхийн төвд 40 настай Возинья зогсож байна.
Түүний хаалган дээрх гайхалтай тоглолт, ээжийгээ авчирч чадаагүйдээ урсгасан нулимс, мөн нэг тоглолтын дараа 2 сая дагагчтай болсон явдал нь ДАШТ-ийн эхний өдрүүдийн хамгийн хүнлэг, хамгийн мартагдашгүй түүхүүдийн нэг болов.