Dwight Howard “SG Apes”-ийн улирлын өмнөх тоглолтод оролцохоор Монголд ирэв

1 comment
Dwight Howard “SG Apes”-ийн тоглолтод оролцоно

NBA-ийн аварга, Алдрын танхимын гишүүн, найман удаагийн Бүх одод Dwight Howard Монголд дахин ирлээ. “Superman” хочоороо танигдсан түүнийг энэ удаа “SG Apes” баг урьсан бөгөөд улирлын өмнөх тоглолтод оролцуулахаар болжээ.

Dwight Howard есдүгээр сарын 9-ний 19:00 цагаас “M Bank Arena”-д болох “SG Apes” болон “Сэлэнгэ Бодонс” багийн улирлын өмнөх тоглолтод оролцоно.

Тэрбээр 2004 оны NBA-ийн драфтын нэгдүгээр сонголтоор “Orlando Magic” багт элссэнээс хойш “Los Angeles Lakers”, “Houston Rockets”, “Atlanta Hawks”, “Charlotte Hornets”, “Washington Wizards”, “Philadelphia 76ers” зэрэг багт тоглож, NBA-д нийт 18 улирлыг өнгөрүүлсэн. Мөн 2020 онд “Los Angeles Lakers”-ийн бүрэлдэхүүнд NBA-ийн аварга болсон юм.

Howard карьерынхаа хугацаанд NBA-ийн Бүх оддын тоглолтод найман удаа сонгогдож, оны шилдэг хамгаалан тоглогчоор гурван удаа шалгарсан. Тэрбээр 2025 онд NBA-ийн алдрын танхимд элсжээ.

Энэ нь Dwight Howard-ийн Монголд хийж буй анхны айлчлал биш юм. Тэрбээр 2011 онд Монголд ирж байсан бөгөөд ийнхүү 10 гаруй жилийн дараа Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй дахин уулзаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Сайнбаяр 9 сар 10, 2026 - 17:33

НБА-гийн од Монголд ирнэ гэж үнэхээр бодсонгүй шүү, гоё юм аа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй