Лондон хотод жүжигчин Рассел Брэндийг хүчингийн хэрэгт буруутгаж буй шүүх ажиллагаа эхэллээ. Дуучин Кэти Перригийн хуучин нөхөр Саутуоркийн Эрүүгийн шүүхэд биечлэн ирсэн тухай “Deadline” мэдээллээ.
Брэнд шүүхийн байранд гараас нь хөтөлсөн эхнэр Лорагийнхаа хамт орж иржээ.
Түүнд хүчингийн гурав, бэлгийн хүчирхийллийн гурав, ёс бус харьцсан нэг үйлдэл зэрэг нийт долоон зүйл ангиар ял тулгаад байна. Эдгээр гомдлыг зургаан эмэгтэй гаргасан бөгөөд 1999-2009 оны хооронд болсон явдлуудтай холбоотой аж. Брэнд дээрх зүйл ангиудын алинд нь ч өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хууль зөрчөөгүй гэдгээ тууштай баталсаар ирсэн юм.
Шүүх хурлын эхний өдрийг тангарагтны шүүгчдийг сонгох болон бусад захиргааны асуудалд зориулна гэж уг хэвлэлд тэмдэглэжээ. Хааны прокурорын алба 10 дугаар сарын 13-наас наашгүйгээр өөрсдийн үндэслэл, нотлох баримтуудыг танилцуулж эхлэх төлөвтэй байна.
Шүүх хурал 10 долоо хоног үргэлжилж магадгүй юм.
Рассел Брэнд нь стэнд-ап комедиан гэдгээрээ анх танигдсан бөгөөд “Big Brother’s Big Mouth” шоу болон BBC Radio 2, 6 Music сувгуудын нэвтрүүлгийг хөтөлж байв. Түүнчлэн тэрээр Холливудын “Forgetting Sarah Marshall”, “Get Him to the Greek” зэрэг инээдмийн кинонуудад дүр бүтээсэн билээ.
