Хятадад орон гэргүй амьдарч байсан нэгэн эр өөрийн дансанд 63 000 ам.доллар байсныг санамсаргүйгээр олж мэджээ. Энэ талаар South China Morning Post мэдээлэв.
Мэдээлснээр, Жу овогт эр төрийн өмчит байгууллагад 30 орчим жил ажилласан байна. 2000-аад оны эхээр ажлаас халагдсаныхаа дараа авсан нөхөн олговроо богино хугацаанд зарцуулж, өрөнд оржээ. Улмаар сүүлийн 21 жилийн турш дахивар түүж амьжиргаагаа залгуулсан байна.
2024 оны өвөл нийгмийн халамжийн ажилтнууд түүнийг Чандэ хотын эзэнгүй барилгад амьдарч байхад нь олжээ. Эхэндээ тэр асрамжийн байранд очихоос татгалзсан ч хожим тусламж авахыг зөвшөөрч, бичиг баримтаа өгсөн байна.
Тэгэхэд албаныхан Жу 2015 онд тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд сар бүр ойролцоогоор 550 ам.долларын тэтгэвэр авах эрхтэй байсныг тогтоожээ. Арван жилийн турш аваагүй тэтгэврийн мөнгө нь 60 000 ам.доллароос давж хуримтлагдсан байв. Өөрийн мөнгөтэй банкны картаа гардаж авсан эр уйлжээ.
“Ийм зүйл болно гэж би хэзээ ч төсөөлөөгүй” гэж тэр хэлсэн байна.
Одоо Жу Чандэ хотод байр түрээслэн амьдарч, төрөлх Жужоу хотдоо очихоор төлөвлөж байна. Албаныхан түүнд залилангаас болгоомжлохыг анхааруулж, хуримтлуулсан мөнгөө хянуур зарцуулахыг зөвлөжээ.
