“Blackpink” хамтлагийн гишүүн Лисагийн АНУ-ын Лас Вегас хотод хийх “Viva La Lisa” бие даасан тоглолт анх төлөвлөснөөс хоёр өдрөөр нэмэгдэж, нийт зургаан удаа зохион байгуулагдахаар болжээ. Анх зарласан дөрвөн тоглолтын тасалбар богино хугацаанд бүрэн борлогдсон нь хуваарийг өргөтгөхөд хүргэсэн байна.
“Caesars Entertainment”-ийн мэдээлснээр, Лиса “Caesars Palace”-ийн алдарт “The Colosseum” тайзнаа бие даасан резиденс тоглолт хийх анхны к-поп уран бүтээлч болж байгаа юм.
“Viva La Lisa” тоглолтын хуваарь
Нэг тайзнаа тодорхой хугацаанд цуврал хэлбэрээр зохион байгуулдаг резиденс тоглолтын хүрээнд Лиса 2026 оны арваннэгдүгээр сард дараах өдрүүдэд үзэгчидтэй уулзахаар товложээ.
- Арваннэгдүгээр сарын 12, 13, 14
- Арваннэгдүгээр сарын 27, 28, 29
Бүх тоглолт “The Colosseum” концертын танхимд болох бөгөөд тасалбарын өндөр эрэлт нь Лисагийн бие даасан уран бүтээл олон улсын зах зээлд байр сууриа бэхжүүлж буйг харуулж байна.
Хамтлагийн амжилтаас бие даасан карьер руу
Лиса сүүлийн жилүүдэд “Blackpink” хамтлагийн уран бүтээлийн зэрэгцээ бие даасан хөгжмийн карьераа өргөжүүлж ирсэн. Түүний “Lalisa”, “Money” дуунууд дэлхийн сонсогчдын анхаарлыг татсан бол “Rockstar”, “New Woman” бүтээлүүд нь бие даасан уран бүтээлийнх нь дараагийн үе шатыг тодорхойлжээ.
Лас Вегасын тайзнаа хийх цуврал тоглолт нь Лисагийн хувийн карьерын амжилтаас гадна к-поп уран бүтээлчид олон улсын хөгжмийн зах зээлд хамтлагийн болон бие даасан хэлбэрээр өрсөлдөх боломж улам өргөжиж буйн илрэл юм.
