Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасантай холбоотой 24 хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Эдгээр хэргийн улмаас нийт 27 хүн хохирч, зургаан хүн амь насаа алдсан байна.
Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны аравдугаар сарын 20-ны байдлаар насанд хүрээгүй хүмүүс холбогдсон, Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Осол гаргасан хүүхдүүдийн 18 нь 17 настай байжээ
Дээрх хэргүүдэд холбогдсон 24 хүүхэд бүгд эрэгтэй бөгөөд насны хувьд нэг нь 15, тав нь 16, үлдсэн 18 нь 17 настай байжээ. Тэдний 21 нь автомашин, гурав нь мотоцикл жолоодож байх үедээ зам тээврийн осол гаргасан бөгөөд нэг хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.
Эдгээр хэргийн улмаас хохирсон 27 хүний хоёр нь эрүүл мэндийн хөнгөн, 11 нь хүндэвтэр, найм нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүн амь насаа алджээ.
Хоёр хэрэг шүүхийн хяналтын шатанд байна
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн хүрээнд таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Харин 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.
Мөн дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол үлдсэн хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.
