Мексикийн Юкатан мужийн Мерида хотод 33 настай вейкбордингийн багш Карлос “тархи идэгч” хэмээгддэг Naegleria fowleri амебын халдвар авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тэрээр “Plaza La Isla” худалдааны төвийн дэргэдэх хиймэл нууранд хэд хэдэн өдөр хичээл заасны дараа буюу 9 дүгээр сарын 2-нд өндөр халуурах, тархи хавдах болон мэдрэлийн хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ч 9 дүгээр сарын 8-нд нас баржээ.
Сэрэмжлүүлэг ба эрүүл мэндийн хяналт
Лабораторийн шинжилгээгээр талийгаачийн бие болон хиймэл нуурын уснаас Naegleria fowleri амеба илэрсэн тул уг нуурыг хааж, вейкбордингийн хичээлүүдийг цуцлан эрүүл ахуйн шалгалт эхлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас 8 дугаар сард уг нууранд зочилсон 300 орчим хүнийг хяналтад авснаас 240 гаруй хүнийг 10 дугаар сарын эхэн үе хүртэл эмчийн ажиглалтад байлгахаар болжээ. Одоогоор өөр халдварын тохиолдол илрээгүй бөгөөд энэ нь Юкатан мужид албан ёсоор бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна.
