Монгол Улсад төрөлт таван жилийн дотор 22.8 хувиар буурчээ

0 comments
Сүүлийн таван жилийн хугацаанд төрөлт 23 хувиар буурчээ

Монгол Улсад төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд дараалан буурч, 2020-2024 оны хооронд шинээр төрсөн хүүхдийн тоо 17,732-оор цөөрсөн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ нь 22.8 хувийн бууралттай дүйцэж байна.

Тодруулбал, 2020 онд улсын хэмжээнд 77,946 хүүхэд мэндэлж байсан бол 2024 онд энэ тоо 60,214 болж буурчээ. Өдөрт дунджаар төрж буй хүүхдийн тоо мөн 2020 онд 213 орчим байсан бол 2024 онд 165 болж багассан байна.

Жил бүрийн төрөлтийн тоо:

  • 2020 онд 77,946 хүүхэд;
  • 2021 онд 73,866 хүүхэд;
  • 2022 онд 67,874 хүүхэд;
  • 2023 онд 66,763 хүүхэд;
  • 2024 онд 60,214 хүүхэд мэндэлжээ.

Мөн нэг мянган хүнд ногдох төрөлтийн түвшин 2020 онд 23.2 байсан бол 2024 онд 17.0 болж, 6.2 нэгжээр буурсан байна. Энэ нь зөвхөн нийт төрсөн хүүхдийн тоо бус, хүн амд эзлэх төрөлтийн харьцаа ч буурч байгааг харуулж байна.

Төрөлтийн бууралт 2025 онд ч үргэлжилсэн шинжтэй байна. Тухайлбал, 2025 оны эхний гурван сард улсын хэмжээнд 13,482 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 762 хүүхдээр буюу 5.3 хувиар бага үзүүлэлт болжээ.

Ийнхүү төрөлтийн түвшин таван жилийн хугацаанд тогтвортой буурсан нь хүн ам зүйн бодлого, гэр бүл, хүүхэд хамгаалал, нийгмийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг цаашид бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй