Өнөөдөр Монголын соёл, урлагийн салбарт өөрийн гэсэн тод өнгө төрхийг тамгалсан, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр тохиож байна. Төв аймгийн Батсүмбэр сумаас гаралтай тэрбээр бага наснаасаа л урлагт дурлаж, дунд сургуулийн сурагч байхаасаа янз бүрийн концерт, жүжгийн гол дүрийг бүтээдэг байжээ. Сургуулиа төгсөх жилээ “Усан нүдэн гүнж” хэмээх жүжгийн эрх охины дүрийг чадварлаг бүтээж, ирээдүйн замаа тодорхойлсон байна.
“ТВ коктейль” хамтлагаас кино урлагийн оргил өөд
Тэрбээр КУДС-ийг жүжигчний мэргэжлээр амжилттай дүүргэснийхээ дараа үе тэнгийн нөхдийн хамт “ТВ коктейль” хамтлагийг үүсгэн байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг байлдан дагуулж байв. Үүний дараа 2005 онд “Дурласны маргааш” уран сайхны кинонд тоглосноор түүний дэлгэцийн бүтээлийн баялаг түүх эхэлсэн юм. Жүжигчин бүсгүйн гол дүр бүтээсэн онцлох кино уран бүтээлүүдээс дурдвал:
- “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Худалч залуу”, “Омарын эрэлд”
- “Хязгааргүй”, “Цэцэг шиг нас”, “Love story”, “Гэнэтийн зочид”, “Нууцын нууц”
- “Soulmate”, “Хохирогч”, “Зуулт”, “Эргэх учрал”, “Халуун бороо”, “Тэнгэр газрын заагт”, “Нийгмийн дайсан”
Эдгээр дэлгэцийн бүтээлүүд нь түүнийг үзэгчдийн хамгийн хайртай жүжигчдийн нэг болгосон билээ. Тэрбээр дүр бүрдээ чин сэтгэлээсээ хувирч чаддаг ховор авьяастай уран бүтээлч юм.
Тайзны бүтээлүүд ба “Гэгээн Муза” наадмын шагнал
Н.Цэнд-Аюуш зөвхөн дэлгэцийн гэлтгүй театрын тайзнаа ч олон сайхан дүрүүдийг амилуулсан юм. Оюутан байхдаа Улсын хүүхэд залуучуудын театрын “Бага нас минь баяртай” жүжигт тоглож байсан бол дараа нь “Хувьсал” продакшны “Би эр хүнд хайртай” жүжигт хүч үзжээ.
Ялангуяа найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрийг гайхалтай бүтээж, театрын урлагийн дээд шагнал болох “Гэгээн Муза” олон улсын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг хүртэж байсан түүхтэй. Түүний хөдөлмөр зүтгэл, авьяас билгийг үнэлж, үзэгч олон болон хамт олон нь өнөөдөр баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
1 comment
Төрсөн өдрийн мэнд хүргэе, эрүүл энхийг хүсье