Netflix Мэттью Перригийн тухай баримтат цувралыг албан ёсоор зарлалаа

0 comments
перри

Netflix стриминг платформ “Friends” цувралын од, Америкийн жүжигчин Мэттью Перригийн амьдралын тухай The One About Matthew Perry нэртэй гурван ангит баримтат төслийг гаргана.

Нээлт нь 10 дугаар сарын 27-нд болно. Энэ нь жүжигчний тухай анхны томоохон хэмжээний баримтат төсөл болох бөгөөд түүний карьер, хувийн амьдрал болон донтолттой хийсэн тэмцлийн талаар өгүүлнэ.

Цувралд юу өгүүлэх вэ

The One About Matthew Perry цувралын үндэс нь жүжигчний эгч Миа Перри Бовик болон түүний хамгийн ойрын найзуудын өмнө нь нийтэд дэлгэгдээгүй дурсамж, яриа байх юм.

Мөн Перригийн гэр бүлийн хувийн архиваас өмнө нь нийтлэгдэж байгаагүй гэрэл зураг, видео бичлэгүүдийг ашиглана.

Жүжигчний найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчдын дурсамжийг түүний хувийн амьдралын бэрхшээлийн талаарх шинэ мэдээллүүдтэй хослуулан хүргэх аж.

“Олон нийт түүний түүхийн зөвхөн нэг хэсгийг л мэддэг байсан. Тиймээс бид Мэттьюг мэддэг, хайрладаг хүмүүсээр дамжуулан олон нийтэд харагддаг дүр төрхийн цаана ямар хүн байсныг нь харуулахын тулд энэ цувралыг бүтээхээр шийдсэн”, — гэж найруулагч Мэри Робертсон хэлжээ.

Мэттьюгийн эгч ахынхаа тухай дурсамжаа хуваалцаж, амьдралынх нь бүхий л төвөгтэй үеийг үл харгалзан түүнийг хэрхэн хайрлаж ирснээ ярихад бэлэн болохын тулд өөрт нь хугацаа хэрэгтэй байсан гэжээ.

“Би түүнийг зөвхөн Чендлерийн дүрээр ч биш, зөвхөн донтолттой тэмцэж байсан хүнээр ч биш, бүхэл бүтэн хүн гэдгээр нь харахыг хүссэн… Мэттью сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн байсан. Хамгийн хүнд үедээ ч тэр таныг инээлгэж, хайрлагдаж байгаа мэт мэдрүүлж чаддаг байсан”, — гэж Бовик хэлсэн байна.

Миа уг цуврал нь Перриг биечлэн хайрлаж байсан хүмүүс болон түүнийг зөвхөн жүжигчний хувиар мэддэг үзэгчдэд түүний хэн байсан, ямар өв үлдээсэн талаар илүү сайн ойлгоход тусална гэж найдаж байна.

The One About Matthew Perry-г хэн бүтээсэн бэ

Цувралын найруулагчаар Emmy шагналын эзэн Мэри Робертсон ажиллажээ. Бүтээлийг Sony Pictures Television-ийн харьяа Maxine Productions компани үйлдвэрлэж байна.

Гүйцэтгэх продюсерээр Мэри Робертсон, Лиза Каликов, Эли Хольцман, Аарон Саидман нар ажиллажээ. Лора Мофта хамтран гүйцэтгэх продюсер, Жессика Колл продюсероор ажилласан байна.

“Мэттью Перри бол бидний үеийн инээдмийн урлагийн суутнуудын нэг байсан”, — гэж Робертсон онцолжээ.

Тэрээр мөн Перри кино, телевиз, тайзан дээр бүтээсэн олон дүр болон Чендлер Бингийн дүрээрээ сая сая хүнийг инээлгэж, бусадтай холбоотой мэт мэдрүүлж, ганцаардлыг нь багасгасан гэж нэмж хэлсэн байна.

Гурван ангит баримтат цуврал 10 дугаар сарын 27-нд нээлтээ хийнэ.

Тайлбар. Мэттью Перри 2023 оны 10 дугаар сарын 28-нд 54 насандаа нас барсан. Задлан шинжилгээгээр нас баралтын үндсэн шалтгаан нь кетамины нөлөө байсан бөгөөд зүрхний титэм судасны өвчин болон опиоидын хэрэглээтэй холбоотой эмгэгийг эмчлэхэд ашигладаг бупренорфины нөлөө зэрэг бусад хүчин зүйл давхар нөлөөлсөн гэж тогтоожээ.

Жүжигчин нас барснаас хойш хагас жил гаруйн дараа хууль сахиулагчид Перри кетаминыг хэрхэн олж авсныг шалгаж эхэлсэн байна. 2024 оны наймдугаар сард жүжигчний эмч Пласенсиа болон өөр дөрвөн хүнийг түүний үхэлтэй холбоотой хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Бусад яллагдагчдын дунд Жасвин Сангха байсан бөгөөд түүнийг кетамин тараахаар хуйвалдсан, хар тамхи хадгалах зориулалттай байр ажиллуулсан, метамфетамин болон кетамин хадгалсан, мөн кетамин тараасан хэрэгт буруутгасан байна.

Таван яллагдагчаас зөвхөн Сангха гэм буруугаа хүлээгээгүй. Бусад гурван сэжигтэн 2024 оны наймдугаар сард гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, эмч Марк Чавес кетамин тараах зорилготой хуйвалдаанд оролцсон гэсэн нэг зүйл ангиар буруугаа хүлээсэн байна.

Перригийн хувийн туслах Кеннет Ивамаса мөн хүний үхэлд хүргэсэн кетамин тараах хуйвалдаанд оролцсон гэсэн нэг зүйл ангиар гэм буруугаа хүлээжээ.

Хар тамхи зарсан байж болзошгүй Эрик Флеминг хоёр зүйл ангиар буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үүнд кетамин тараахаар хуйвалдсан болон хүний үхэлд хүргэсэн кетамин тараасан хэрэг багтжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй