Загасны үржлийн үе дуусаж, ахуйн зориулалтаар загас барих хугацаа эхэлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Загас агнах, барих хугацаа зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үеэр агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр албан ёсоор дуусгавар болж байна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (БОАЖЯ) иргэдэд зориулсан мэдээллийг хүргэжээ. Иргэд ахуйн зориулалтаар загас барихдаа заавал урьдчилж зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүнийг өөрийн байгаа газраас үл хамааран www.ezagas.mn цахим системээр дамжуулан шууд авах боломжтой юм. Цахимаар зөвшөөрөл авах явцдаа загасчлах аймаг, сум, байршил болон агнах загасныхаа төрөл, тоо хэмжээг үнэн зөв сонгож, баримт бичихэд заасан нөхцөлийг чанд мөрдөх учиртай.

2026 онд загас барихыг зөвшөөрсөн аймгууд

Энэ онд ахуйн зориулалтаар дараах 10 аймагт загас агнах, барих зөвшөөрлийг олгож байна:

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Булган
  • Говь-Алтай
  • Дорнод
  • Завхан
  • Сэлэнгэ
  • Төв
  • Хөвсгөл
  • Хэнтий

Загасчлахад мөрдөх үндсэн журам болон хориглох зүйлс

Загас барих хугацаа эхэлж байгаа хэдий ч гол, нуурын экосистемийг хамгаалах үүднээс иргэд дараах хатуу зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй:

  • Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх.
  • Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх.
  • Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх.
  • Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх.
  • Гол, мөрөнд бүх төрлийн завиар зорчин загасчлахгүй байх.
  • Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх.
  • Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх.
  • Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад яаралтай мэдээлэх.

Загасны нөөц бол нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай, зохистой загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй