Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн их тахилга ёслол төгөлдөр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн их тахилга ёслол төгөлдөр боллоо

Завхан нутагт төрийн тахилгын их ёслол болов

Хангайн нурууны ноён оргил, Завхан аймгийн Отгон, Алдархаан сумдын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн тахилгын ёслолд оролцож, Отгонтэнгэр хайрхны тэнгэр, уул усанд хүндэтгэл үзүүлсэн байна.

Ёслолын өмнөх орой тахилгын ном хуржээ

Төрийн тахилгын өмнөх орой Завхан аймгийн хийдийн лам нар шашны зан үйлийг эхлүүлж, тахилгын ном хурсан байна.

Тэд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт зориулсан ном хуржээ. Үүний дараа туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайлж, тахилгын ёслолын өмнөх уламжлалт зан үйл үргэлжилсэн байна.

“Ганжуур” их хөлгөн судар залж, ном хурлаа

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар болон Найман тахилыг тусгайлан залжээ.

Лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурж, төр, шашны хосолсон их ёслолыг уламжлалт дэг жаягийн дагуу гүйцэтгэсэн байна.

Төрийн бэлгэдлүүдийг тахилын ширээнд залав

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт харуулын цэргүүдийн хамгаалалт дор тусгайлан зассан тахилгын талбайд хүрэлцэн иржээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнд залж байрлуулсан байна.

Ерөнхийлөгч уул овоо тахих уламжлалын утга учрыг онцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ уул овооны төрийн тахилга нь зөвхөн ёслол бус, эх дэлхий, газар нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх гүн утгатайг онцолжээ.

“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.

Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.

Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.

Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.

ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.

Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Отгонтэнгэрийн шүтээн, нуур усыг даатгав

Ерөнхийлөгчийн үгийн дараа Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн болон Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуурт сүслэн даатгал өргөсөн байна.

Тэдгээр хайрхан, нуур ус монгол төрийг хүчирхэгжүүлж, ард олныг энхжүүлж, ээл ивээлээ хайрлаж байхыг сүсэглэн даатгажээ.

Хангайн магтаал эгшиглэв

Ерөнхийлөгчийн үгийн дараа туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав болон морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригоо нар Хангайн магтаал хайлсан байна.

Энэ нь Отгонтэнгэр хайрхны төрийн тахилгын ёслолыг уламжлалт урлаг, монгол ахуй, шүтлэгийн уур амьсгалаар улам баяжуулжээ.

Торгон дээр бичсэн айлтгалыг Завхан аймгийн музейд хадгалуулна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгожээ.

Уг айлтгалын торгон дээр бичсэн эх хувийг Завхан аймгийн музейд хадгалуулахын тулд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулсан байна.

Хамба лам тахилгын номын утгыг тайлбарлав

Дараа нь Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар сүсэгтэн олонд товч тайлбар өгсөн байна.

Лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол зэрэг номыг уншиж, мандал өргөжээ.

Дуут сум, тэнгэрийн хүлгийн зан үйл болов

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгсөн байна.

Мөн Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэжээ.

Төрийн бэлгэдлүүдийг буцаан залснаар ёслол өндөрлөв

Ёслолын төгсгөлд хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцаан залсан байна.

Ингэснээр Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга өндөрлөжээ.

Отгонтэнгэр хайрхан төрийн тахилгатай уул болсон түүх

Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгосон.

Түүнээс хойш 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад төрийн хэмжээнд тахиж ирсэн уламжлалтай.

Мөнх цаст, үзэсгэлэнт нууртай хайрхан

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4,021 метр өндөрт оршдог. 3,752 метрээс дээш хэсэгтээ мөнх цастай.

Мөнх цасны хилийн доохон талд Ар Бадархундага, Өвөр Бадархундага хэмээх байгалийн үзэсгэлэнт нуурууд байдаг.

Амьтан, ургамлын баялаг сан бүхий бүс

Отгонтэнгэр хайрхан орчмын бүс нутаг нь амьтан, ургамлын олон төрөл зүйлтэй.

Энд 30 гаруй зүйл хөхтөн амьтан, 50 гаруй зүйл шувуу, хоёр зүйл мөлхөгч, таван зүйл загас амьдардаг. Мөн зургаан зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал ургадаг байна.

Отгонтэнгэр нэрийн утга

“Отгонтэнгэр” нэрийг түрэг, монгол хэлний дундынх гэж үздэг “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч” гэсэн утгатай холбон тайлбарладаг.

Мөн эртний монгол үгийн санд “Этүгэн” нь “Анхны эх газар” гэсэн унаган монгол утгатай үг гэж үздэг байна.

Монголчууд Отгонтэнгэр хайрхнаа эртнээс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн дээдэлж, цай, идээний дээжээ өргөн тахиж иржээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй