57 настай Британи эмэгтэй 63.5 кг турж, бодибилдингийн тамирчин болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гейнор Бикли

Их Британийн Дерби хотын оршин суугч, өдгөө 57 настай Гейнор Бикли олон жилийн турш илүүдэл жинтэйгээ тэмцсэний эцэст амьдралаа орвонгоор нь өөрчилж чаджээ. Тэрээр 63.5 кг жин хасаж, өдгөө бодибилдингийн тэмцээнүүдэд амжилттай оролцож буй тухай “Mirror” хэвлэл мэдээллээ.

Гейнорын хувьд өөртөө итгэх итгэлгүй байдал нь түүний хамгийн том асуудал байв. Арван жилийн өмнө түүний жин 133 кг-д хүрээд байжээ. Хэдийгээр тэр өмнө нь идэвхтэй нэгэн байж, охиныхоо хөлбөмбөгийн багийг дасгалжуулдаг байсан ч хооллолтын буруу зуршил нь түүнийг жин нэмэхэд хүргэсэн байна. Тэрээр эрүүл хоол идэж байна гэж боддог байсан ч порцоо хянадаггүй, ойр ойрхон зууш иддэг байснаа нуугаагүй юм. Үүнээсээ болоод тэр олноос зайлсхийж, зөвхөн биеийн галбир нуусан бараан өнгийн сул хувцас өмсдөг байжээ.

Амьдралыг өөрчилсөн тэрхүү мөч

Түүний амьдралд эргэлт авчирсан үйл явдал ердийн нэг дэлгүүр хэсэлтийн үеэр тохиолджээ. Дэлгүүрт явж байхдаа тэрээр биеийн байдлаасаа болоод тэрэг түрж чадахгүй хүндрэлтэй байгаа нэгэн хүнийг хараад “Хэрэв би одоо л өөрчлөгдөхгүй бол ийм байдалд орох нь” гэж өөртөө дүгнэлт хийсэн байна.

Удалгүй Гейнор эрчимтэй дасгал сургуулилтын лагерьт (boot camp) бүртгүүлжээ. Тэнд тэрээр өдөрт 6 цагаар хичээллэж, ердөө долоо хоногийн дотор 4.5 кг хассан байна.

“Би долоо хоногт 4.5 кг хассан. Гэхдээ хамгийн чухал нь миний сэтгэлгээнд эргэлт гарсан юм” гэж Гейнор дурсжээ.

Үүнээс хойш тэрээр спортоор тууштай хичээллэж, хоёр удаа хагас марафонд гүйж, 5 болон 10 км-ийн олон арван зайд хурд сорьсон байна. Тэр байтугай таван жилийн турш бусдыг идэвхтэй хөдөлгөөнд уриалан чиглүүлэгчээр ажиллажээ. Дөрвөн жилийн өмнө түүний жин 89 кг болж буурсан ч жин нь хэлбэлзэх хандлагатай хэвээр байв.

Бодибилдинг ба шинэ зорилго

Гейнорын амьдралын эцсийн том өөрчлөлт бодибилдингтэй танилцсанаар эхэлжээ. Бодибилдингээр хичээллэдэг байсан хуучин хамтрагч нь түүнийг энэ спортын орчинтой танилцуулсан байна. Тэрээр хувийн дасгалжуулагчтай болж, бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулжээ.

Өдгөө тэрээр бодибилдингийн гурав дахь шоундаа бэлдэж байна. Энэ спорт түүнд хатуу сахилга бат, тодорхой бүтэц, зорилго өгсөн гэж тэр үздэг. Тэрээр зүгээр нэг туранхай болохыг биш, харин бие бялдрын хувьд хүчирхэг болохыг эрмэлзсэн байна.

Өнөөдөр түүний жин тэмцээний бус үед 70 кг орчим байгаа аж. Гэхдээ Гейнор одоо жингийн тоонд ач холбогдол өгөхөө больсон бөгөөд өөрийгөө толинд харах байдал, мэдрэмж, өөртөө итгэх итгэлээрээ үнэлдэг болжээ.

Спортоос гадна Гейнор мэдээллийн технологийн (IT) салбарт ажилладаг бөгөөд хоёр охин, дөрвөн настай ач охинтой. Тэрээр өөрийнхөө туршлагыг нийгмийн сүлжээнд хуваалцаж, наснаас үл хамааран хүсэл эрмэлзэл байвал өөрчлөлт хийх боломжтойг бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй