Шоко Кавата жирэмсний амралт авч буй Японы анхны хотын дарга болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шоко Кавата

Киото мужийн Явата хотын дарга Шоко Кавата жирэмсний амралт авах шийдвэр гаргаснаа зарлаж, Япон улс даяар томоохон хэмжээний мэтгэлцээнийг өрнүүллээ. Хөдөлмөр эрхлэлт болон улс төрийн тогтолцоонд нь эцгийн эрхт ёс, уламжлалт хандлага хүчтэй давамгайлдаг тус улсын түүхэнд эмэгтэй хотын дарга жирэмсний амралтаа авч буй анхны тохиолдол нь энэ болж байна.

16 долоо хоногийн амралт ба эрх зүйн хоосон орон зай

Шоко Кавата нь 2023 онд хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын дунд үеэр амаржих товтой байна. Тэрбээр хуулийн дагуу нийт 16 долоо хоногийн хугацаатай жирэмсний амралт авахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг төрөхийн өмнөх найман долоо хоног, төрсний дараах найман долоо хоног гэж хуваажээ. Японд жирийн төрийн албан хаагчид жирэмсний амралт авах нь хэвийн үзэгдэл боловч ард түмнээс сонгогдсон улс төрч, удирдах албан тушаалтнуудын хувьд үүнийг хэрхэн зохицуулах тухай тодорхой хууль эрх зүйн орчин өнөөг хүртэл байдаггүй аж.

Төрөлт хурдацтай буурч, улс төрийн манлайлалд жендерийн тэнцвэргүй байдал газар авсан энэ үед өөрийнх нь гаргасан шийдвэр хуучирсан тогтолцоог шинэчлэх хурдасгуур болно гэж хотын дарга үзэж байна. Өдгөө Японы Төлөөлөгчдийн танхимын 15 хүрэхгүй хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг нь үүнийг батална. Түүний удирддаг Явата хот нь Токио хотоос баруун өмнө зүгт 450 км-ийн зайд оршдог, 70 мянга орчим хүн амтай жижиг хот юм.

Эзгүй хойгуурх зохицуулалт ба олон нийтийн шүүмжлэл

Тэрбээр эзгүй байх хугацаандаа өөрийн орлогчийг томилж, ажлаа цалгардуулахгүй байхаар төлөвлөжээ. Мөн гэртээ хүүхдээ харах үедээ ч цахим шуудангаа тогтмол шалгаж, хотын амьдралд зайнаас оролцохоо илэрхийлсэн байна. Гэвч олон нийтийн сүлжээнд түүний энэ алхмыг дэмжих хүмүүс байгаагийн зэрэгцээ “Удирдах албан тушаалтан ажлын байрандаа байхгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрсэн хэрэг” хэмээн хатуу шүүмжлэх иргэд ч цөөнгүй байна. (Эх сурвалж: CNN)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй