Сидни Суини уран бүтээлийн гараагаа эхэлснээсээ хойш Холливудын домогт жүжигчидтэй олонтаа харьцуулагдаж ирсэн. Түүнийг хамгийн ихээр “XXI зууны Мэрилин Монро” хэмээн нэрлэдэг. Харин одоо энэ харьцуулалт арай илүү үндэслэлтэй болжээ: шинэ судалгаагаар хоёр жүжигчин үнэхээр холын төрөл садан болох нь тогтоогдсон байна.
Page Six-ийн мэдээлснээр, уг судалгааг Америкийн MyHeritage компани хийжээ. Судлаачид хоёр алдартны угийн бичгийг шинжилж, нийтлэг өвөгтэй болохыг нь тогтоосон байна.
Мэрилин Монро болон Сидни Суинигийн эцгийн талын удам Массачусетс мужийн анхны суурьшигчдын нэг, XVII зуунд амьдарч байсан Эзра Перрид хүрч огтлолцдог аж. Иймээс тэд есдүгээр үеийн үеэлүүд бөгөөд хоорондоо нэг үеийн зөрүүтэй төрөл садан болж байна.
“Хүмүүс Суини, Монро хоёрыг үргэлж харьцуулдаг байсан. Харин тэдний холбоо илүү гүн түвшинд давхцаж байгааг олж хараад архивын баримтаас бодит төрөл садны холбоог нь хайхаар шийдсэн” гэж MyHeritage-ийн судалгааны захирал Рой Мандель хэлжээ.

Сидни Суини өөрөө ч ийм харьцуулалтыг үе үе өдөөж байсан. Тэрээр нэрт “төрөл садан”-гийнхаа өмнө нь өмсөж байсан төрхтэй төстэй хувцсаар хэд хэдэн удаа олны өмнө гарчээ.
Тухайлбал, энэ оны эхээр Санта-Барбарагийн олон улсын кино наадмын улаан хивсэн дээр Ceil Chapman-ы винтаж даашинзтай гарсан байна. Үүнтэй ижил загварыг Мэрилин Монро 1952 онд Life сэтгүүлийн нүүр зураг авахуулахдаа өмсөж байжээ.
Мөн Сиднигийн найз залуу Скутер Браун тэдний ижил төстэй байдлыг өмнө нь онцолж байсан аж. Хосын ойрын эх сурвалжуудын хэлснээр, тэр Сидниг “орчин үеийн Мэрилин Монро” гэж үздэг бөгөөд үүгээрээ бахархдаг байна.
Монрогийн нэгэн адил Суини ч амьдрал болон дэлгэцэн дээр хэт сексуалчилсан дүр төрх бүрдүүлдэг хэмээн шүүмжлэлд өртдөг. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, Браун түүний сонгодог зоримог төрхүүдийг дэмждэг бөгөөд үүнийг жүжигчний ажлын салшгүй хэсэг гэж үздэг аж.
Мэрилин Монро 1926 онд Лос-Анжелест төрсөн. Түүний эцэг Чарльз Стэнли Гиффорд нь Монрогийн ээжийн ажиллаж байсан Холливудын RKO Pictures студийн удирдах ажилтан байжээ.
Харин Сидни Суини Вашингтон мужийн Спокан хотод төрсөн. Түүний эцэг Стивен Суини өмнө нь зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол ээж Лиза Мадд нь эрүүгийн хэргийн өмгөөлөгч байжээ.

2 comments
Удмын ген гэж үнэхээр сонин юм аа, хоёулаа л сайхан хүүхнүүд
Пиар ч юм уу, үнэхээр батлагдсан юм уу, сонирхолтой л юм