Сүхбаатар дүүрэгт баригдаж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 90 хувьдаа хүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сүхбаатар дүүргийн шинэ спорт цогцолборын ажил 90 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилготой, нийт 29,920 ам метр талбайг хамрах спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уудам талбайг хамарсан тус орчинд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж гадна талбайн дараах тохижилтын ажлуудыг цогцоор нь шийджээ.

  • Спортын талбайнууд: Хөлбөмбөг, сагсан бөмбөг болон газрын теннисний олон улсын стандартад нийцсэн зориулалтын талбайнууд.
  • Эрүүл мэндийн хэсэг: Идэвхтэй хөдөлгөөн хийхэд зориулсан гүйлтийн зам болон гадна дасгалын тусгай талбай.
  • Амралтын бүс: Зуны халуунд сэрүүцэх усан оргилуур, орчныг тухтай болгох ногоон байгууламж болон гадна тохижилтын хэсгүүд.
Сүхбаатар дүүрэгт баригдаж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 90 хувьдаа хүллээ

Гурван давхар спорт цогцолборын дотоод бүтэц

Бүтээн байгуулалтын гол цөм болсон гурван давхар спорт цогцолборын барилгыг тамирчид болон үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангахаар давхар бүрээр нь дараах байдлаар нарийвчлан төлөвлөсөн байна.

Нэгдүгээр давхар: Захиргаа, аж ахуйн хэсэг буюу албан хаагчдын өрөө, хурлын танхим, агуулах, ариун цэврийн өрөөнөөс гадна тамирчдад зориулсан хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөөнүүд байрлана.

Хоёрдугаар давхар: Спортын заалны гол хэсэг энд төвлөрөх бөгөөд үндсэн сагсан бөмбөгийн заал, жүдо, бөх, заалны хөлбөмбөг, волейболоор хичээллэх олон зориулалттай талбай болон хананд авиралтын хэсгийг шийджээ.

Гуравдугаар давхар: Тэмцээн уралдаан үзэх үзэгчдийн суудал, бичлэг хийх камерын хэсэг, шүүгчийн өрөө болон агаарт салхилах боломжтой ашиглалттай дээврийн талбайг тус тус төлөвлөсөн байна.

Өдгөө барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд эцсийн шатандаа орж, гүйцэтгэгчид шуурхайлан ажиллаж байна. Тус спорт цогцолбор бүрэн ашиглалтад орсноор тухайн орчмын иргэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, спортоор тууштай хичээллэх орчин үеийн таатай орчин ийнхүү бүрдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй