АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд наймдугаар сарын сүүлээр Казахстаны аяллын влогчин Дастан Мухамедрахимтай хамт Монголд аялсан бөгөөд аяллын үеэр ууланд төөрсөн талаар Дастан Мухамедрахим инстаграм хуудсандаа мэдээлжээ.
Дональд өмнө нь 2019 онд Монголд ирж байсан юм. Харин энэ удаагийн аялал нь илүү адал явдалтай, эрсдэлтэй нөхцөлд өрнөсөн байна.
Дастан Мухамедрахим “Ийм явдал Холливудад ч болж байгаагүй. Трампын хүү бид хоёр Монголын ууланд төөрсөн. Зам хайгаад олдохгүй, яаж уул давах, гол гатлахаа мэдэхгүй гацаад хэцүү байдалд орсон. Нэг үгээр хэлэхэд богино хэмжээний кино” гэж бичжээ.
Гэсэн ч монголчууд тэдэнд морь авчирч өгснөөр аяллаа эсэн мэнд үргэлжлүүлж, өндөрлөсөн байна. Дональд Монгол дахь аяллаа дуусгасны дараа хувийн онгоцоороо Эстони улс руу нисжээ.

Дональд Трампын хүү Дональд, Эрик нар Казахстанд уул уурхайн бизнестэй учраас тус улсад байнга очдог байна. Харин Монголд ирэх үедээ Баян-Өлгий аймгийн Жандос Конторбайн гэрт зочилдог аж.
Жандос хэдэн жилийн өмнөөс гадаадын жуулчдыг гэртээ хүлээн авч, хөдөө орон нутгаар аялуулах үйлчилгээ эрхэлж эхэлжээ. Түүний үйлчлүүлэгчдийн дунд Америк тэргүүтэй барууны орнуудын алдартнууд, чинээлэг хүмүүс байдаг байна.
Тэрбээр зочдодоо хээр талын ахуй, малчин ардын амьдралыг танилцуулж, морь унуулан, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулдаг аж.
Жандос энэ талаар “Би казах хүн, Улаанбаатарт амьдардаг. Багаасаа бизнес эрхэлсэн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хотын хөл шуугианаас холдож, сайхан амрах гэсэн гадаадууд надад ханддаг. Тэд гар утсаа хааж, хээр талаар аялж, малчин ардуудын амьдралыг үзэхийг хүсдэг. Нүүдэлчин амьдралын хэв маяг тэдний сонирхлыг татдаг ч дэлхий дээр жинхэнэ нүүдэлчин ард түмэн ховор. Монгол, казахууд бол жинхэнэ нүүдэлчид. Гадаадын улстөрчид, одод тансаг сайхан зочид буудалд байрласаар уйдсан хүмүүс байдаг. Харин бид тэдэнд гэрт амьдарч, морь унан, шонхрын ан хийх боломж олгодог” гэж ярьжээ.
Жандос Туркт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд турк, англи, казах хэлтэй. Түүнийд ирдэг алдартнуудын ихэнх нь хувийн онгоцоор зорчдог бол зарим зочныг Өлгийгөөс нисдэг тэргээр угтдаг байна.
