Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа. Есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө тариалангийн бүсээр агаарын температур эрс буурч, ил задгай тариалсан төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэл үүсээд байна.
Ойрын өдрүүдийн хур тунадасны хуваарь
Есдүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд зарим нутгаар дараах хуваарийн дагуу хур тунадас орно:
- 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө: Булган, Төв аймгийн зарим, Эрдэнэт, Дарханы ихэнх, Сэлэнгийн өмнөд сумдаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.
- 9 дүгээр сарын 9-нд: Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдаар бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно.
- 9 дүгээр сарын 10-нд: Ховд аймгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороотой.
- 9 дүгээр сарын 11-нд: Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдаар хур тунадас орно.
- 9 дүгээр сарын 12-13-нд: Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орох төлөвтэй.
Агаарын температур ба салхины төлөв
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хурдтай байх бөгөөд 12, 13-ны өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1…-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Өдөртөө уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14…+19 градус, говийн баруун өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байх ба 11-ний өдрөөс эхлэн нутгийн баруун хэсгээс аажмаар дулаарна.
