Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү, 29 настай Жозеф Баэна спортын замналдаа шинэ алхам хийлээ. Тэрээр анх удаа Байгалийн бодибилдингийн мэргэжлийн холбооны тэмцээнд оролцож, өөрийн ангилалдаа шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан байна.
Баэнагийн мэргэжлийн анхны гараа АНУ-ын Калифорни мужийн Эль-Сегундо хотноо зохиогдсон “PNBA World Cup” тэмцээнд болжээ. Тэрээр зөвхөн булчингийн массыг төдийгүй биеийн харьцаа, тэгш хэм болон ерөнхий гоо зүйг үнэлдэг “Classic Physique” (Сонгодог физик) төрөлд өрсөлдөж, тавдугаар байр эзэлсэн байна.
Жозеф өөрийн Instagram хуудсаараа дамжуулан мэргэжлийн анхны тэмцээнийхээ сэтгэгдлийг хуваалцжээ. Тэрээр биеийнхээ товойсон булчинг тодотгон бодибилдингийн үндсэн поз авч буй үзүүлбэрийн бичлэгээ нийтлээд: «PNBA-ийн Дэлхийн цом дээрх миний поз авах хөтөлбөрийн эхний дүр зураг» хэмээн бичсэн байна.

Түүний үзүүлбэрийн хөгжмийн сонголт үзэгчдийн онцгой анхаарлыг татсан бөгөөд Жозеф өөрийн бие галбираа толилуулахдаа найруулагч Сержо Леонегийн “Сайн, муу, хэрцгий” (The Good, the Bad and the Ugly) бүтээлд зориулсан Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн “Trio” аялгууг ашиглажээ. Сонирхолтой нь Баэна бодибилдингийн спортоор тууштай хичээллээд тийм ч их хугацаа өнгөрөөгүй бөгөөд сонирхогчийн анхны тэмцээндээ өнгөрсөн гуравдугаар сард оролцож байсан бол өдгөө ийнхүү мэргэжлийн түвшинд хүчээ сорьж байна.
Жозеф нь Арнольд Шварценеггер болон түүний гэрт ажиллаж байсан үйлчлэгч Милдред Патрисиа Баэна нарын хүү юм. Жүжигчин эр хуучин ажилтнаасаа төрсөн хүүтэй болох нь 2011 онд олон нийтэд ил болж байв. Арнольд Шварценеггер нийт таван хүүхэдтэй бөгөөд үлдсэн дөрөв нь буюу Кэтрин, Кристина, Патрик, Кристофер нар нь түүний сэтгүүлч Мария Шрайвертай хийсэн гэрлэлтээс төрсөн билээ.

1 comment
Үнэхээр их хөдөлмөр орсон бие байна даа