БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар эрчим хүч, төмөр зам, шатахуун, бүс нутгийн хамтын ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг урагшлуулах талаар ярилцсан байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, транзит тээврийн боломжийг өргөжүүлэх, түлшний тогтвортой нийлүүлэлтийг хангах чиглэлүүд голлон хөндөгджээ. Мөн ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийн төслүүд болон бүс нутгийн хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг хэлэлцсэн байна.
Талууд дараах есөн чиглэлийг онцолжээ:
- Монгол Улс бага болон дунд оврын атомын цахилгаан станц барих чиглэлээр ОХУ-ын “Росатом” компанитай хамтран ажиллана;
- “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг 30 сая тонноос 50 сая тоннд хүргэхээр ажиллана;
- ОХУ-Монгол-БНХАУ гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулах асуудлыг урагшлуулж, транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ;
- Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллана;
- төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална;
- ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлнэ;
- Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулж, хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ;
- ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;
- ОХУ, Монгол Улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Шатахууны асуудлын тухайд олон улсын зах зээлд нийлүүлэлтийн доголдол үүсээд буй энэ үед Монгол Улсын хэрэгцээг тогтвортой хангах нь уулзалтын чухал сэдвийн нэг байжээ. Талууд түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ярилцсан байна.
Мөн төмөр замын салбарт хэд хэдэн төсөл зэрэг хөндөгдлөө. “Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна төв коридорыг урагшлуулах, баруун болон зүүн коридор байгуулах боломжийг судлах нь гурван улсын транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Эрчим хүчний чиглэлээр ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэл, Эгийн голын усан цахилгаан станц, бага болон дунд оврын атомын цахилгаан станц зэрэг асуудлыг хэлэлцсэн нь Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлоготой уялдаж байна. Эгийн голын УЦС-ын хүрээнд хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцжээ.
Түүнчлэн есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо болох ОХУ, Монгол Улсын бүс нутгийн чуулганд ОХУ-ын бүс нутгийн 400 гаруй зочин оролцож, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр байна. Ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт дэд бүтэц, эрчим хүч, түлш, бүс нутгийн хамтын ажиллагааг хамарсан өргөн хүрээтэй агуулгаар үргэлжилжээ.
