УЕФА Европын лигийн (UEFA Europa League) 2025/2026 оны улирлын шигшээ тоглолт Германы “Фрайбург” болон Английн “Астон Вилла” багуудын хооронд боллоо.
Туркийн Стамбул хотын “Тюпраш” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тус тоглолт 3:0-ийн харьцаатайгаар “Астон Вилла” клубын давамгайллаар өндөрлөж, тэд аваргын цомыг хүртлээ.
Тоглолтын гоолууд:
- 41 дахь минут: “Вилланууд”-ын хагас хамгаалагч Юри Тилеманс тоглолтын салхийг хагалж, багтаа тэргүүлэл авчирсан.
- 45+4 дэх минут: Нэгдүгээр үеийн нэмэлт цагт довтлогч Эмилиано Буэндия Английн багийн давуу талыг баталгаажуулж, тоог 2:0 болгов.
- 58 дахь минут: Хагас хамгаалагч Морган Роджерс багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар тоглолтын хувь заяаг эцэслэн шийдсэн юм.
Аваргуудын замнал болон түүхэн амжилт
Хагас шигшээ шатанд “Фрайбург” баг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Португалын “Брага”-г (4:3) буулган авсан бол “Астон Вилла” Английн өөр нэгэн клуб болох “Ноттингем Форест”-ийг (4:1) хожиж, шигшээд шалгарчээ.
“Астон Вилла” клуб ийнхүү түүхэндээ анх удаа Европын лигийн аваргаар тодорлоо. Харин тус багийн ахлах дасгалжуулагч Унаи Эмери-гийн хувьд энэ нь тус тэмцээнийг удирдсан зургаа дахь шигшээ тоглолт нь болж байгаагаараа дасгалжуулагчийн карьерынх нь гайхалтай амжилтуудын нэгийг бататгав.
Сануулахад, өнгөрсөн улирлын тус тэмцээний аваргаар Английн өөр нэгэн баг болох “Тоттенхэм” клуб шигшээ тоглолтод “Манчестер Юнайтед”-ийг 1:0-ээр хожиж тодорч байсан билээ.