Улаанбаатар болон Гвангжугийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ нээв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бие биедээ тусах гэрэл

Монголын уран зургийн галерейн танхимд хоёр улсын соёлын гүүр болсон нэгэн шинэ дүрслэх урлагийн арга хэмжээ эхэллээ. Энэ удаад Улаанбаатар болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчид нэгдэн “Бие биедээ тусах гэрэл” хэмээх сонирхолтой хамтарсан үзэсгэлэнгээ олон нийтийн хүртээл болгож байна. 2026 оны “Соёлт хот Гвангжу” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд хоёр талын 12 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй шилдэг бүтээлээ дэлгэжээ. Тэд өнөөгийн нийгэм, соёлын хувьсал, хотын дүр төрх хийгээд хүмүүсийн дотоод сэтгэлийн тусгалыг өөрсдийн өвөрмөц уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн байна. Үүнээс гадна хүний эгэл амьдралд тохиох нандин мөчүүд, өөрийгөө нээж таних сэдлүүдийг бүтээлдээ шингээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм.

Энэхүү олон улсын төслийг Гвангжу хотын Уран зургийн музейгээс анх 2015 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Уг үзэсгэлэн нь тус хотын шилдэг уран бүтээлчдийн туурвилыг хилийн чанадад сурталчлах урт хугацааны зорилготой бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн олон орны соёл урлагийн мэргэжилтнүүд, урлаг сонирхогчдоос маш өндөр үнэлгээ авсаар ирсэн билээ. Гвангжугийн орчин үеийн урлагийн өнгө төрхийг дэлхий дахинд таниулж, тус хотыг соёлын тод бэлгэ тэмдэг болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн уг арга хэмжээ урьд нь дараах хотуудад амжилттай зохион байгуулагдаж байв:

  1. БНХАУ-ын Гуанжоу
  2. АНУ-ын Сан Антонио
  3. ХБНГУ-ын Берлин
  4. Япон улсын Фүкүока
  5. Итали улсын Торино
  6. Тайланд улсын Бангкок

Энэ удаагийн Улаанбаатар дахь үзэсгэлэнд Гвангжу хотоос медиа арт болон инстоляцын чиглэлийн 6 уран бүтээлч ирсэн бол Монголын орчин үеийн дүрслэх урлагийн салбараас мөн 6 уран бүтээлч хамтран оролцож байна. Дэлхийн томоохон хотуудыг тойрсон эл нэр хүндтэй соёлын арга хэмжээ ийнхүү Монголд үргэлжилж байгаа нь урлаг сонирхогчдын хувьд томоохон боломж юм. Нийслэлийн үзэгчдэд соёлын шинэ мэдрэмж бэлэглэх эл үзэсгэлэн зургаадугаар сарын 25-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд нээлттэй байх тул та бүхнийг зорин очихыг урьж байна.

Бие биедээ тусах гэрэл
Бие биедээ тусах гэрэл
Бие биедээ тусах гэрэл
Бие биедээ тусах гэрэл
Бие биедээ тусах гэрэл

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй