Агаарт онгоцны хаалга нээхийг завдсан зорчигчийг MMA-ын тулаанч номхотгожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джош Лонгуд

АНУ-ын агаарын зайд нисэж явсан онгоцны аваарын хаалгыг нээхийг завдсан зорчигчийг холимог тулааны (MMA) мэргэжлийн тамирчин асан аюулгүй болгож, гарч болох байсан том аюулаас сэргийлжээ. Энэ талаар Их Британийн Mirror хэвлэл мэдээллээ.

MMA-ын тулаанч асан Жош Лонгуд Пуэрто-Рико улсад болсон ахынхаа гэрлэхээс өмнөх баярт оролцчихоод гэр рүүгээ буцаж явах үед онгоцны бүхээгт ийнхүү үймээн дэгджээ.

Гэрчүүдийн мэдээлснээр, нэгэн зорчигч гэнэт хачирхалтай авирлаж эхэлсэн бөгөөд улмаар онгоцны үйлчлэгч рүү халдаж, нислэгийн үеэр аваарын гарцыг нээхийг оролдсон байна.

Жош Лонгудын ярианаас: “Тэр залуу зүгээр тайвшрахгүй нь гэдгийг би ойлгоод, түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Учир нь эргэн тойронд дандаа хүүхдүүд, гэр бүлүүд байсан тул би зүгээр хараад сууж чадаагүй.”

Танхайрагчийг номхотгосон нь

Зорчигч илт түрэмгийлж эхлэхэд Жош секундын дотор хариу үйлдэл үзүүлж, түүнийг арав орчим минут хөдөлгөөнгүй барьжээ. Удалгүй танхайрагч залуу суудлын бүс болон хүлээснээсээ мултарч чадсан тул тамирчин эр түүнийг дахин номхотгохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Жош Лонгуд улайрсан эрэгтэйг нийт 20-30 минутын турш бүрэн хяналтдаа байлгасны эцэст онгоц Майами хотод яаралтай газардалт хийжээ. Онгоц газардангуут цагдаагийнхан зөрчил гаргагчийг баривчлан авч явсан бөгөөд тус рейс хэдэн цагийн дараа Чикаго хот руу аяллаа амжилттай үргэлжлүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй