Транс тосыг хуулиар хязгаарлахын тулд 100 мянган иргэний дэмжлэг хэрэгтэй байна

0 comments
Транс тосыг хуулиар хязгаарлахын тулд 100 мянган иргэний дэмжлэг хэрэгтэй байна

“Транс тосны хяналтын тухай” хуулийн санаачилга эхэлжээ

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн транс тосны хэрэглээг бууруулах зорилгоор хүний их эмч Ж.Амарсанаа “Транс тосны хяналтын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулах боломжийг бүрдүүлэхээр иргэдийн цахим гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Уг санаачилга УИХ-ын хэлэлцүүлгийн босгыг давахын тулд 100 мянган иргэний дэмжлэг шаардлагатай байна. Одоогийн байдлаар цахим гарын үсгийн тоо 7,000-д хүрээд байгаа аж.

Транс тос халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаагаар үйлдвэрлэлийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин болон бусад халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Ийм шалтгаанаар дэлхийн олон улс орон транс тосны хэрэглээг хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлаж, хүнсний бүтээгдэхүүн дэх агууламжид хяналт тавьдаг бодлогыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад ч хүн амын эрүүл мэндийг урьдчилан хамгаалах зорилгоор транс тосны хэрэглээ, импорт, шошгололт, мэдээллийн ил тод байдлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж санаачлагчид үзэж байна.

Хуулийн төсөл ямар зорилготой вэ

“Транс тосны хяналтын тухай” хуулийн төсөл нь хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжид хяналт тавих, шошгололтыг сайжруулах, импорт болон хэрэглээний зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой аж.

Мөн иргэдийг хүнсний бүтээгдэхүүний найрлага, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар үнэн зөв мэдээллээр хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгагдах юм байна.

Ж.Амарсанаа транс тосны талаар юу хэлэв

Хүний их эмч Ж.Амарсанаа “Ердийн ургамлын тос нь транс тос биш юм. Транс гэдэг нь химийн бүтэцтэй холбоотой үг. Энэ нь хүний биед орохоороо бодисын солилцоонд идэвхтэй оролцож чаддаггүй. Ердийн өөхний тосыг бодвол шатааж, энерги болгоход хугацаа шаардагддаг. Хүний биед хуримтлагддаг. Хуримтлагдаад эхлэхээрээ зүрх судасны болон бусад өвчнүүдийг үүсгэдэг, таргалалтыг нэмэгдүүлдэг тос юм.

Транс тосыг үүсгэхдээ ургамлын тосыг авч байгаад ус төрөгчийн молекултой баяжуулж синтетик аргаар боловсруулдаг. Гэхдээ транс тос нь байгальд огт байдаггүй зүйл биш. Ердийн өөхөн тосонд маш бага хэмжээгээр байдаг. Одоогоор гарын үсэг 7,000-д хүрсэн байна. УИХ-ын босгыг 100,000 хүрч байж давах юм.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцагч оюутнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэдийг сайн дурын ажилтнаар бүртгүүлж, энэхүү арга хэмжээнд нэгдэхийг хүсэж байна.

Энэ бол зөвхөн нэг эмчийн санаачилга биш. Энэ нь Монгол хүний эрүүл мэндийн төлөөх иргэдийн хөдөлгөөн байх ёстой. Бид өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн иргэдийг уг санаачилгад нэгдэн, цахимаар гарын үсэг зурж дэмжихийг уриалж байна” гэлээ.

Сайн дурынхныг нэгдэхийг уриалж байна

Санаачлагчид уг ажлыг зөвхөн эмч, мэргэжилтнүүдийн хүрээнд бус, иргэдийн өргөн оролцоотой хөдөлгөөн болгохыг зорьж байна.

Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэдийг сайн дурын ажилтнаар бүртгүүлж, гарын үсэг цуглуулах ажилд нэгдэхийг уриалжээ.

Урьдчилан сэргийлэх бодлогын нэг хэсэг

Транс тосны хэрэглээг хуулиар хязгаарлах санаачилга нь өвчин үүссэний дараа эмчлэхээс илүүтэй, эрсдэлийг урьдчилан бууруулах бодлогын нэг хэсэг гэж үзэж байна.

Хэрэв цахим гарын үсгийн тоо 100 мянгад хүрвэл “Транс тосны хяналтын тухай” хуулийн төсөл боловсруулах, улмаар хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцүүлэх боломж бүрдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй