Лос-Анжелес-2028 олимпын эрхийн оноог хуваарилсан Улаанбаатарын жүдо бөхийн Их дуулга тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль эзэмшив.
Таван тивийн 58 орны 454 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Японы баг найман алт, хоёр мөнгөн медальтайгаар тэргүүлсэн бол араас нь Өмнөд Солонгос, Итали, Азербайжан зэрэг улсууд жагсчээ. Монгол Улсын хувьд эрэгтэйчүүдийн -73 кг жинд Л.Анхзаяа түрүүлж, О.Уранбаяр хүрэл медаль авсан бол -60 кг-д Б.Сүхбат хүрэл медаль хүртэв. Харин эмэгтэй тамирчид медалийн тавцанд багтаж чадсангүй. Зохион байгуулагч орон болох Монгол Улс жин тус бүрт дөрвөн тамирчин сойж, нийт 56 жүдочоор оролцсон юм.