Хятадын Сянъян хотод робот үзүүлбэрийнхээ үеэр таван настай охины нүүр рүү цохисноос үүдэн охин дөрвөн сүүн шүдгүй болжээ. Энэхүү хэрэг явдал 2025 оны 11 дүгээр сарын 12-нд Сянъян хотын Шинжлэх ухаан, технологийн музейд цэцэрлэгийн хүүхдүүдийн аяллын үеэр гарсан хэдий ч охины эцэг эх болон буруутай талууд нөхөн төлбөрийн хэмжээн дээр тохиролцож чадахгүй байгаа тул одоо л олон нийтэд өргөн тархаж байна. Энэ талаар “Ifeng News” мэдээллээ.
Охины биеийн байдал ба гэмтэл
Роботод цохиулсны дараа охинд эмнэлгийн тусламж шаардлагатай болсон байна. Эмч нар түүний дээд уруулын шархыг оёсон бөгөөд охины урд талын нэг шүд шууд цохигдон унаж, хоёр дахь шүд нь сулран хэдэн өдрийн дараа унажээ. Мөн буйлны гэмтлийн улмаас дараагийн эмчилгээний явцад дахин хоёр сүүн шүд нь унасан байна.
Музейн зүгээс роботын оператор аюулгүй зайн хэмжээг буруу тооцоолсны улмаас ийм мөргөлдөөн гарсан гэж мэдэгдэв. Охины ээжийн ярьснаар, хүүхэд хагас жил гаруйн турш голдуу шингэн хоол идэж, буйлны үрэвслийн улмаас тогтмол өндөр халуурч байжээ. Түүнчлэн охины нүүрэнд сорив үлдсэн нь түүний сэтгэцэд сөргөөр нөлөөлсөн гэж ээж нь онцолсон байна.
Нөхөн төлбөрийн зөрчил
Хэрэг явдал гарснаас хойш 9 сар гаруй хугацаа өнгөрсөн ч охины эцэг эх болон холбогдох талууд нөхөн төлбөрийн хэмжээн дээр зөвшилцөж чадаагүй л байна.
Ээжийнх нь мэдээлснээр музей, цэцэрлэг болон роботын шоуг зохион байгуулагчид эмчилгээний зардлаас гадна шүүхээс гадуур зохицуулах хүрээнд 20 мянган юань олгоход бэлэн байгаа аж. Харин гэр бүлийнхэн нь нэг удаагийн нөхөн төлбөрт 150 мянган юань авахаар төлөвлөж байна. Энэхүү дүнд эцэг эх нь аль хэдийн гаргасан эмчилгээ, тээврийн зардал болон цаашид сорив арилгах, шүд эмчлэх ирээдүйн зардлыг багтаажээ.
Талуудын гол санал зөрөлдөөн нь гоо сайхны сэргээн засах зэрэг хараахан хийгдээгүй байгаа ирээдүйн ажилбаруудын зардлаас үүдэлтэй юм.