Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа ч ойрын хугацаанд дуусах тодорхой шинж тэмдэг харагдахгүй хэвээр байна. Сүүлийн үед Украины Зэвсэгт хүчин нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгоогоо эрчимжүүлж, ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлшний дэд бүтцэд тогтмол цохилт өгөх болсон бөгөөд үүнийг Оросын шатахууны хангамжид дарамт учруулж буй хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна.
Үүний дараа Киевийн зүгээс ОХУ-ын агаарын орон зайгаар үйлдэж буй иргэний нислэгүүдийн аюулгүй байдлын асуудлыг хөнджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 1-нд мэдэгдэл хийхдээ Оросын тэнгэрт дроны ажиллагаа нэмэгдэх тул олон улсын агаарын тээврийн компаниуд болон даатгагчдыг эрсдэлийг тооцохыг анхааруулсан байна.
“Өнөөдөр бид Оросын агаарын замыг ашиглаж байгаа бүх нисэх компани, даатгалын компаниудад Оросын тэнгэр бүрэн аюултай бүс болсныг анхааруулж байна. Иргэний тээвэр, зорчигчдын нэг ч онгоцонд бид заналхийлээгүй. Зүгээр л Оросын тэнгэрт маш олон дрон нисэх болно гэдгийг тооцоорой. Оросын Засгийн газар энэ талаар мэдээлэхгүй байгаа ч Оросын агаарын зам хаагдлаа. Энэ замаар нисэхгүй байхыг уриалж байна. Украин улс НҮБ-ын дүрмийн дагуу өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх болно”
Украины тал энэ байр сууриа Олон улсын иргэний нисэхийн байгууллага болох ICAO-д албан ёсоор хүргүүлсэн гэж мэдээлжээ. Зеленскийн мэдэгдэл нь ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцуудад шууд цохилт өгөх тухай бус, харин дроны ажиллагаа ихэссэн нөхцөлд тухайн агаарын орон зайг ашиглах эрсдэлийг анхааруулсан агуулгатай байна.
Агаарын замыг бодитоор тасалдуулахын тулд заавал зорчигч тээврийн онгоц эсвэл нисэх буудал руу довтлох шаардлагагүй гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Нисэх буудлын ойролцоо дрон илэрсэн үед аюулгүй байдлын үүднээс нислэгийг түр зогсоох, хөөрөлт буултыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг тул дроны ажиллагаа дангаараа нислэгийн хуваарьт томоохон саатал үүсгэх боломжтой юм.
Иргэний онгоц болон нисгэгчгүй төхөөрөмж нэг агаарын бүсэд зэрэг байх нь нислэгийн удирдлагын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дрон онгоцноос хол байсан ч нисгэгч, диспетчер болон агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн ажиллагаа давхцсанаар буруу шийдвэр, хүний алдаанаас үүдэх ноцтой ослын магадлал өсдөг байна.
Ийм эрсдэлийн жишээ болгон 2024 оны арванхоёрдугаар сард Грозный орчимд болсон “Azerbaijan Airlines”-ийн онгоцны ослыг дурддаг. Тухайн нислэг ослын буулт хийх үеэр 38 хүн амиа алдсан бөгөөд уг үйл явдлыг агаарын хамгаалалтын ажиллагаатай холбоотой байж болзошгүй талаар олон улсын түвшинд мэдээлж байсан юм.
Ингэснээр Украины шинэ тактик нь зөвхөн Оросын газрын тос, түлшний дэд бүтцийг онилохоос гадна дроны ажиллагаагаар агаарын тээврийн хэвийн үйл ажиллагаанд дарамт үүсгэх чиглэл рүү өргөжиж болзошгүй байна. Гэхдээ ОХУ-ын агаарын орон зайг хууль зүйн утгаар бүрэн хаах эрх Украинд байхгүй бөгөөд бодит нөлөө нь нислэгийн компаниуд эрсдэлийг хэрхэн үнэлэхээс шалтгаална.
