2026 оны дэлхийн хамгийн сэтгэл татам аялал жуулчлалын хотууд тодорлоо

0 comments
2026 оны дэлхийн хамгийн сэтгэл татам аяллын хотууд

Euronews агентлагийн мэдээлснээр, 2026 оны дэлхийн аялал жуулчлалын чансаагаар АНУ болон Азийн мегаполисууд өнгөлж, жуулчдад дахин давтагдашгүй туршлага бэлэглэгч шилдэг хотуудаар шалгарлаа. Тус индекс нь жуулчдын тооноос илүүтэй тухайн хот хүмүүсийн ой санамжид хэр гүнзгий хоногшиж, сэтгэл хөдлөлийн ямар эерэг сэтгэгдэл үлдээж буйг онцолсноороо онцлогтой.

Yanolja судалгааны төв, Пэрдью болон Кёнхи их сургуулиудын хамтран гаргасан 2026 оны Глобал аялал жуулчлалын индекс нь 14 хэлээр хийгдсэн нийгмийн сүлжээний хэлэлцүүлгүүдэд дүн шинжилгээ хийн, 200 орчим чиглэлийг эрэмбэлжээ.

Уламжлалт статистик (зочдын тоо, зочид буудлын дүүргэлт)-ээс татгалзаж, дараах хоёр үндсэн шалгуурыг гол болгосон байна:

  • Танигдсан байдал (Cognitive awareness): Хотын нэр хүнд, аяллын ярианы сэдэвт хэр их яригддаг болох.
  • Сэтгэл хөдлөлийн татам байдал (Emotional appeal): Аялал нь хэр мартагдашгүй, сэтгэлд нийцтэй байсан болон бусдад санал болгох магадлал.

Судлаачид аялалтай холбоотой 419 түлхүүр үгийг (“уул”, “зочид буудал”, “гудамжны хоол”, “галерей” гэх мэт) хотын гоо зүй, байгаль, соёл, түүх, үйлчилгээний салбар гэсэн ангилалд хуваан шинжилжээ.

Жагсаалтыг аль хотууд тэргүүлсэн бэ?

Индекс нь гурван үндсэн ангилалаар шилдэг 10 хотыг нэрлэжээ:

1. Ерөнхий рейтинг

  1. Нью-Йорк (АНУ)
  2. Парис (Франц)
  3. Осака (Япон)
  4. Киото (Япон)
  5. Сөүл (Өмнөд Солонгос)
  6. Лондон (Их Британи)
  7. Ром (Итали)
  8. Бангкок (Таиланд)
  9. Окинава (Япон)
  10. Чикаго (АНУ)

2. Танигдсан байдлын рейтинг

  1. Нью-Йорк (АНУ)
  2. Парис (Франц)
  3. Лондон (Их Британи)
  4. Ром (Итали)
  5. Бангкок (Таиланд)
  6. Сөүл (Өмнөд Солонгос)
  7. Вашингтон (АНУ)
  8. Осака (Япон)
  9. Лос-Анжелес (АНУ)
  10. Киото (Япон)

3. Сэтгэл татам байдлын рейтинг

  1. Осака (Япон)
  2. Киото (Япон)
  3. Нью-Йорк (АНУ)
  4. Сөүл (Өмнөд Солонгос)
  5. Парис (Франц)
  6. Лондон (Их Британи)
  7. Ром (Итали)
  8. Окинава (Япон)
  9. Бангкок (Таиланд)
  10. Дубай (АНЭУ)

АНУ болон Азийн хотуудын давамгайлал

Нью-Йорк хот ерөнхий болон танигдсан байдлаар нэгдүгээрт орж, сэтгэл татам байдлаар 3-р байрыг эзэлжээ. Судлаачид үүнийг тус хотын дэлхийд танигдсан байдал болон жуулчдын эерэг сэтгэгдлийн “ховор хослол”-той холбон тайлбарлаж байна. Мөн Чикаго, Вашингтон, Лос-Анжелес зэрэг хотууд топ 10-т багтсан бөгөөд дэлхийн шилдэг 50 хотын 16 нь АНУ-ынх байгаа нь тус улсын соёл, бизнес, аялал жуулчлалын өндөр хөгжлийг харуулж байна.

Европоос Парис хот хамгийн өндөр амжилт үзүүлж, ерөнхий болон танигдсан байдлаар 2-р байр, сэтгэл татам байдлаар 5-р байранд орлоо.

“Нью-Йоркийн манлайлал нь дэлхийд танигдсан нэр хүнд болон аяллын сэтгэл хөдлөлийн бодит өгөөж хоёр нэгдэж чадсаныг харууллаа. Мөн Осака, Киото, Сөүл, Окинава зэрэг Азийн чиглэлүүд өндөр байр эзэлсэн нь аялал жуулчлалын өрсөлдөх чадварт сэтгэл хөдлөлийн татам байдал хамгийн гол хүчин зүйл болж буйн баталгаа юм”Доктор Жан

Тус судалгаанаас харахад сэтгэл татам байдлын ангилалд Азийн хотууд үнэмлэхүй давамгайлж, шилдэг 10 хотын 60%-ийг эзэлжээ.

Орчин үед аялагчдын сонирхол өөрчлөгдөж, зөвхөн нүсэр дэд бүтэц, алдартай хөшөө дурсгал харахаас илүүтэй бусадтай хуваалцах дурсамж үлдээх, сэтгэл ханамж өгөх дахин давтагдашгүй аяллын туршлагыг илүүд үзэх болсон нь энэхүү судалгаанаас харагдаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй