Канье Уэстын бие хамгаалагч асан 850,000 ам.доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Канье Уэст

Америкийн дуулиант реппер Канье Уэстын бие хамгаалагчаар ажиллаж байсан залуу цалингийн үлдэгдэл болон хохирлын нөхөн төлбөр болгон 850 мянган ам.доллар нэхэмжилж байна. Энэ тухай “TMZ” портал шүүхийн баримтаас иш татан мэдээллээ.

Жонатан Монро 2021 онд Уэстын үндсэн бие хамгаалагчаар ажиллаж байжээ. Тэрээр ажилласан хугацааныхаа цалинг бүрэн авч чадаагүй гэж үзэж байгаа юм. Шүүхэд гаргасан гомдолд дурдсанаар, нийт нэхэмжилж буй 850 мянган ам.долларын 7.5 мянга нь илүү цагаар ажилласны хөлс, 537 мянга нь алдагдсан боломжийн зардал, 100 мянга нь “сэтгэл санааны хохирол”, үлдсэн 100 мянга нь торгуулийн төлбөр ажээ.

Монро шүүхэд мэдүүлэхдээ, авах ёстой мөнгөө нэхсэн боловч татгалзсан хариу авсан гэжээ. Тэр байтугай нэг удаа Уэст түүнийг “Lamborghini” спорт машинаа цэнэглэхийг хүссэн бөгөөд шатахууны мөнгө асуухад нь реппер юу ч хэлэлгүй яваад өгсөн тохиолдол гарч байсныг дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд Канье Уэст өөрийн хэлсэн үг, үйлдлээрээ олныг цочирдуулсан дуулиан тарьсаар ирсэн. Тэрээр 2026 оны нэгдүгээр сард “The Wall Street Journal” сонинд тусгайлан зай худалдаж авч, өмнөх антисемит (еврей нарыг үзэн ядах) үзэлтэй мэдэгдлийнхээ төлөө уучлалт гуйсан боловч түүний өнгөрсөн алдаанууд сөрөг үр дагавар авчирсаар байна. Тухайлбал, Их Британи улс түүнийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосны улмаас өнгөрсөн мягмар гарагт тус улсад болох байсан “Wireless” хөгжмийн наадам цуцлагджээ. Британийн эрх баригчид репперийг олны өмнө гарах нь “нийгмийн сайн сайханд нийцэхгүй” гэж үзсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй