Amazon-ийн жолооны хүрдгүй роботакси АНУ-д ажиллах зөвшөөрөл авчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Роботакси

АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар буюу NHTSA Amazon корпорацийн Zoox компанид цахилгаан роботаксигаа арилжааны зориулалтаар нэвтрүүлэх түр зөвшөөрөл олголоо. Энэ нь жолооны хүрд, тоормосны педальгүй автономит таксинд өгсөн анхны ийм зөвшөөрөл болж байна.

Zoox роботакси төлбөртэй үйлчилгээ эхлүүлнэ

Zoox-ийн роботакси одоогоор Лас-Вегас болон Сан-Франциско хотуудад явж байгаа ч өмнө нь зорчигчдыг зөвхөн туршилтын горимоор үнэгүй тээвэрлэж байжээ. Харин 8-р сард Лас-Вегаст төлбөртэй үйлчилгээ эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Дараа нь уг роботакси бусад мужуудад ч ажиллаж эхлэх ёстой. NHTSA-ийн зөвшөөрөл нь Zoox-д ирэх хоёр жилийн хугацаанд жилд 2500 хүртэлх автомашин ашиглах боломж олгожээ.

Zoox роботаксинд зорчигчдын суудал өөд өөдөөсөө харсан байрлалтай. Автомашин цагт 120 км хүртэл хурдлах чадвартай бөгөөд хөдөлгөөний явцад түүнийг зөвхөн алсаас хянаж буй оператор ажиглан хянах боломжтой.

АНУ автономит таксинд зориулсан шинэ стандарт боловсруулж байна

NHTSA ийм төрлийн жолоочгүй автомашинд зориулсан ерөнхий зохицуулалтын стандартуудыг мөн боловсруулж байна. Zoox-ийн онцлог нь энэ тээврийн хэрэгсэл анхнаасаа жолоочгүй байхаар тусгайлан бүтээгдсэнд оршино.

АНУ-ын хэд хэдэн хотод Tesla болон Alphabet корпорацийн Waymo үйлчилгээний роботакси аль хэдийн ажиллаж байгаа. Гэхдээ тэд Zoox-оос ялгаатай нь жолоочгүй хөдөлгөөнд зориулан өөрчилсөн энгийн автомашинууд бөгөөд жолооны хүрд, тоормосны педальгүй тусгай загвар биш юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй