Япон хүүхдийн сошиал хэрэглээнд хориг бус, аюулгүй байдлын хатуу зохицуулалт сонгож байна

0 comments
Улс орнууд хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлаж байхад Япон улс өөр арга барил сонгож байна

Хүүхдүүд ухаалаг утсанд хэт автах, цахим дээрэлхэлтэд өртөх, бэлгийн мөлжлөг, хортой болон хэт даврагч агуулгатай нүүр тулах эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор олон улс сошиал медиа хэрэглээнд насны хязгаар тогтоож эхэлжээ. Франц 15-аас доош насныхныг сошиал медиа ашиглахыг хориглосон бол Их Британи 16-аас доош насныхны хандалтыг хязгаарлах чиглэлээр ажиллаж байна.

Австрали 16-аас доош насны хүүхдүүдийг томоохон платформ ашиглахыг хориглосон бөгөөд Индонез, Малайз ч төстэй арга хэмжээ авчээ. Харин Япон улс бүх хүүхдэд нэгэн адил хориг тавихаас татгалзаж, нас баталгаажуулалтыг сайжруулах, платформуудын аюулгүй тохиргоог анхдагч болгох, технологийн компаниудад илүү өндөр хариуцлага ногдуулах арга барилыг сонгож байна.

Японы Засгийн газрын шинжээчдийн багийн дүгнэлтээр сошиал медиа нь залуусын харилцааны чухал орон зай болсон бөгөөд платформ бүрийн эрсдэл өөр өөр байдаг. Иймээс бүх хүүхдэд ижил насны хязгаар тогтоох нь “зүй зохисгүй” гэж үзсэн байна.

Мөн Японы Засгийн газар хүүхдийн цахим хэрэглээг зөвхөн хориглох бус, дижитал боловсрол, эцэг эхийн хяналт, платформын хариуцлагаар дамжуулан зохицуулахыг чухалчилж байна. Гэхдээ бусад улс хатуу арга хэмжээ авч буйг харгалзан нас баталгаажуулалтыг улам чангатгах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Японы баримталж буй гол чиглэлүүд:

  • бүх хүүхдэд ижил хориг тавихгүй байх;
  • нас баталгаажуулалтыг илүү найдвартай болгох;
  • хүүхдэд зориулсан аюулгүй тохиргоог анхдагч байдлаар идэвхжүүлэх;
  • технологийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх;
  • хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээгээ зохицуулах боловсрол олгох.

Интернэт хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон нь Японы бодлогын ийм чиглэл сонгоход нөлөөлж байна. Засгийн газрын мэдээллээр тус улсын 10-17 насны хүүхдүүдийн 99 орчим хувь нь ухаалаг утас болон бусад төхөөрөмжөөр интернэт ашигладаг аж. Японы Засгийн газар 2026 оны эцэс гэхэд хууль эрх зүйн шинэ зохицуулалт шаардлагатай эсэхийг шийдэхээр төлөвлөжээ.

Сэндай их сургуулийн профессор Нагайюки Сайто 16-аас доош насны бүх хүүхдийг сошиал медиа ашиглахыг хориглох нь зөв ашиглаж буй хүүхдүүдийн эрхийг хязгаарлана гэж үзэж байна. Түүний хэлснээр, эмнэлэгт хэвтэж буй, алслагдсан бүс нутагт амьдардаг эсвэл бодит амьдрал дээр өөрт тохирох хүрээллээ олж чаддаггүй хүүхдүүдийн хувьд цахим харилцаа эерэг үүрэгтэй байж болно.

Квансэй Гакуин их сургуулийн профессор Кэнсүкэ Сүзүки мөн сошиал медиа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гэрээсээ зугтсан эсвэл гэртээ аюулгүй байдал мэдэрдэггүй хүүхдүүдэд тусламж хайх чухал суваг болдог гэжээ. Тэрбээр бүх хүүхдэд ижил хориг тавивал хүүхдүүд илүү далд цахим орчин руу шилжих, насаа худал хэлэх эрсдэлтэй бөгөөд энэ нь тэднийг хамгаалахад улам хүндрэл учруулж болзошгүйг анхааруулсан байна.

Япон улс технологийн компаниудад хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангах илүү тодорхой үүрэг ногдуулахыг зорьж байна. Олон платформ 13-аас дээш насныханд үйлчилгээ үзүүлэх нөхцөлтэй ч Япон компаниудаас насны шаардлагаа бодитоор, үр дүнтэй мөрдүүлэхийг шаардахаар төлөвлөжээ.

Мөн хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах тохиргоог анхдагч болгох, хэрэглэгчийг удаан хугацаанд платформ дээр байлгах зорилготой тасралтгүй гүйлгэх, автоматаар тоглуулах зэрэг функцийг хязгаарлах санал гарсан байна. Энэ нь хориг тавихаас илүү платформын дизайны эрсдэлийг бууруулахад чиглэж буй зохицуулалт юм.

Гэхдээ Японд ухаалаг утасны хэт хэрэглээ зөвхөн сошиал медиагаар хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй асуудал болжээ. NTT Docomo-ийн судалгаагаар бүх насны оролцогчдын 55 хувь нь хийх зүйлгүй үедээ, бүр өөр хүнтэй нүүр тулан сууж байхдаа ч утсаа оролддог гэж хариулсан байна.

Иймээс профессор Кэнсүкэ Сүзүки зөвхөн сошиал медиа хэрэглээг хязгаарлах нь ухаалаг утсанд хэт автах асуудлыг бүрэн шийдэхгүй гэж үзэж байна. Харин хүүхдүүдэд дэлгэцийн цагаа өөрсдөө зохицуулж сурах боловсрол олгохын зэрэгцээ хэрэглээний хугацааг сануулах, хязгаарлах, автоматаар түгжих зэрэг технологийн хэрэгслийг ашиглах шаардлагатай гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй