BTS-ийн Хойд Америкийн аялан тоглолтыг хотууд онцгойлон угтаж байна

0 comments
BTS

Өмнөд Солонгосын BTS хамтлаг “Arirang” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо Хойд Америкт үргэлжлүүлж, томоохон хотуудад өндөр анхаарал татаж байна. Европын Лондон, Парис, Мюнхен зэрэг хотуудад тоглолтоо амжилттай хийсний дараа тус хамтлаг Балтимор, Арлингтон, Торонто хотуудад тоглолтоо толилуулахаар болжээ.

Торонто хотын зөвлөл BTS-ийн наймдугаар сарын 22-23-нд болох тоглолтыг угтан онцгой шийдвэр гаргасан байна. Тодруулбал, наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 23-ны хооронд хотын Норт Йорк дүүрэгт байрлах Йонг гудамжны нэг хэсгийг түр хугацаанд “BTS булевард” гэж нэрлэхээр болжээ.

Мөн Торонто хотын зөвлөл тоглолтын өдрүүдийг “BTS Weekend” хэмээн зарлахаар төлөвлөж байна. “BigHit Music”-ийн ажилтны мэдээлснээр, хотын удирдлага гудамжны нэршил болон амралтын өдрүүдийн уриалгад BTS-ийн оюуны өмчийг ашиглах зөвшөөрөл авахын тулд агентлагтай нь холбогджээ.

Хойд Америк дахь тоглолтын хуваарь:

  • Наймдугаар сарын 10, 11: Балтимор, “M&T Bank” цэнгэлдэх хүрээлэн
  • Наймдугаар сарын 15, 16: Арлингтон, “AT&T” цэнгэлдэх хүрээлэн
  • Наймдугаар сарын 22, 23: Торонто, “Rogers” цэнгэлдэх хүрээлэн
  • Наймдугаар сарын 21-ээс есдүгээр сарын 23: Торонтогийн Йонг гудамжны хэсгийг “BTS булевард” гэж нэрлэнэ

Балтимор хот харьяалагддаг Мэрилэнд мужийн захирагч Вэс Мур мөн BTS-ийг угтан авч буй дүрс бичлэгээ ням гараг /2026.08.09/-т нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрбээр хамтлагийн гишүүдийг нэрээр нь дурдаж, Балтимор хотод тавтай морилохыг урьжээ.

Вэс Мур “Нэг зорилготой долоон залуу дэлхийг нэгтгэж, соёл, газарзүй болон хэлний саад бэрхшээлийг даван туулж явна. Үнэхээр гайхалтай” хэмээгээд, “Та бүхэн Балтимор хотод тавтай морилно уу. Мөн “BTS ARMY”-гийн бүх гишүүддээ хандан хэлэхэд “Хамтдаа шуугилдацгаая” гэжээ.

Ийнхүү BTS-ийн Хойд Америк дахь аялан тоглолт зөвхөн хөгжмийн арга хэмжээ төдийгүй орон нутгийн засаг захиргаа, шүтэн бишрэгчдийн өргөн хүрээний оролцоотой соёлын томоохон үйл явдал болж байна. Хотуудын зүгээс гудамж нэрлэх, тусгай өдрүүд зарлах зэрэг хүндэтгэл үзүүлж буй нь BTS-ийн олон улсын нөлөө, фэнүүдийн цар хүрээг дахин харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй