Билл Гейтс Баян-Өлгийд хоёр хоног саатаж, Алтайн байгальтай танилцжээ

0 comments
Билл Гейтс Баян-Өлгийд хоёр хоног саатаж, Алтайн байгальтай танилцжээ

Дэлхийн технологийн салбарын тэрбумтан Билл Гейтс Баян-Өлгий аймагт ирсэн гэх мэдээлэл, бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татлаа. Энэ талаар олон талын эх сурвалжаас тодруулахад, тэрбээр Монголын баруун хязгаарт энэ сарын 9 /2026.08.09/-ний өглөө ирж, хоёр хоногийн дараа буюу өчигдөр /2026.08.11/ чимээгүйхэн буцсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Билл Гейтс хувийн “Gulfstream G650” төрлийн онгоцоороо Баян-Өлгийд иржээ. Тэрбээр тус аймгийн Алтанцөгц сумын нутаг, Цамбагарав уулын орчимд байрлах “Гурван тэмээ” аяллын баазад хоёр хоног саатсан байна.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Билл Гейтс энэ хугацаанд уулын байгаль үзэж, бүргэдийн ан болон нутгийн ахуйтай танилцжээ. Улмаар өчигдөр өглөө Баян-Өлгийгөөс буцсан байна.

Түүний Монголтой холбогдох түүх энэ удаагийн аяллаар эхэлж буй биш аж. Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн Х хуудастаа мэдээлснээр, Билл Гейтсийн ээж Мими Гарднер Гейтс 1996 онд Монголд ирж байжээ. Тухайн үед Сиэтлийн Урлагийн Музейг удирдаж байсан Мими Гейтс хэсэг эмэгтэйчүүдийн хамт Монголд аялсан бөгөөд аяллын зорилго нь загасчлах байжээ.

Баян-Өлгий аймгийг өмнө нь зорьж байсан алдартнууд:

  • 2023 онд “Batman” дүрээрээ дэлхийд танигдсан Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл гэр бүлийн хамт баруун нутгаар аялсан;
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор 2019 онд Монголд ирж, Баян-Өлгий, Алтай Таван Богдоор аялсан;
  • Баварын ханхүү Карл гэргий, гүнж Зугейн хамт Монголд ирэх үеэрээ Баян-Өлгийг зорьсон гэх мэдээлэл орон нутагт тархаж байжээ.

Кристиан Бэйл гэр бүлийн хамт Монголд ирэхдээ бүргэдчидтэй уулзаж, морь унан, нүүдэлчин ахуйтай танилцсан талаар түүний аяллыг зохион байгуулсан “Discover Altai” компани мэдээлж байсан. Харин Дональд Трамп Жуниор Алтай Таван Богдод очиж, малчин айлд байрлан баруун нутгаар аялсан тухай Монголын болон гадаадын хэвлэлүүдэд гарч байв.

Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар, Дональд Трамп Жуниор тухайн аяллаас хойш Баян-Өлгий аймагт хэд хэдэн удаа ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол ирэх болсон байна. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард Монголд ирсэн Баварын ханхүү Карл, гүнж Зугей нарын хувьд албан ёсны хөтөлбөрөөс гадуур Баян-Өлгийг зорьсон гэх мэдээлэл тухайн үед гарчээ.

Баян-Өлгий аймгийн уулс, бүргэдчид, морьд, нүүдэлчин ахуй, казах соёл болон Монгол Алтайн уудам орон зай дэлхийн алдартнуудын анхаарлыг татсаар байна. Монголын аялал жуулчлалын газрын зураг дээр хамгийн алслагдсан бүсийн нэг боловч тус аймгийг зорих гадаадын аялагчдын тоо өсөж, 2025 онд 20 мянга гаруй гадаадын жуулчин очсон гэх тоо баримт байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй