НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэхүү олон улсын арга хэмжээний хүрээнд нийслэлээс түр байгууламж, авто замын тохижилт, шугам сүлжээний ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Хурлын бэлтгэл ажлын нэг хэсэг болгон нийт 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор зам, талбайн ажлын нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
Тодруулбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар хийж дуусгасан бол 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дуусгасан байна.
Нийслэлийн зүгээс зам, талбайн ажлыг долоодугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр шаардлагатай дэд бүтцийн бэлтгэл хангагдах юм.