Монголын холимог тулааны “Mongol Fighting Championship” (MFC) холбоо АНУ-ын “Dragon House” холбоотой хамтран “MFC-4” мэргэжлийн тулааны томоохон арга хэмжээг хилийн чанадад зохион байгуулахаар боллоо. Хоёр улсын хамтарсан тус тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын “Kezar Pavilion” ордонд болохоор товлогдсон байна.
Энэ удаагийн “MFC-4” тэмцээний гол буюу оргил тулаанд “MGL-1” холбооны аварга, Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл рингэнд гарах юм. Тэрбээр АНУ-ын тамирчин Брэндон Олсентой хагас дунд жингийн ангилалд аваргын бүсний төлөө хүч үзэхээр бэлтгэл сургуулилалтаа базааж байна.
Дэд оргил тулаанд Б.Азжавхлан өрсөлдөнө
Наадмын дэд оргил тулаанд Монгол Улсын хөнгөн жингийн шилдэг мастеруудын нэг Баатарын Азжавхлан хүч сорихоор болжээ. Тэрбээр АНУ-ын тамирчин Дрю Дэвистэй хөнгөн жингийн ангилалд октагонд тулалдаж, өөрийн ур чадвар, тактикийн бэлтгэлийг сорих аж.
Монголын шилдэг тулаанчид АНУ-ын мэргэжлийн дэвжээнд хамтарсан арга хэмжээний хүрээнд тулалдах нь дотоодын тулааны спортын түвшинг олон улсад таниулах чухал гарц болж байна. Ялангуяа аваргын бүсний төлөөх уг өрсөлдөөн нь тамирчдын хувьд мэргэжлийн түвшингөө ахиулах, дэлхийн томоохон промоушнуудын хараанд өртөх үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

