Монголын орчин үеийн уран зохиолын суурийг тавигч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд их зохиолчийн туурвин үлдээсэн өв болон амьдралын замналтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг хамруулсан тусгай аяллын маршрутыг албан ёсоор баталжээ.
Уг аяллаар оролцогчид нийслэл хотоос гарч, Их зохиолчийн түүхтэй холбогдох хэд хэдэн чухал бүс нутгийг дамжин аялах юм. Аяллын маршрутад дараах түүхэн болон соёлын дурсгалт газрууд багтжээ:
- Улаанбаатар хот
- Цонжин Болдог цогцолбор
- Төв аймгийн Баяндэлгэр сум дахь Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь
- Багануур дүүргийн Д.Нацагдоржийн нэрэмжит Номын сан, Соёлын төв, Их зохиолчийн хөшөө
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуур
- Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум дахь Хэрлэний Хөдөө арал

Энэхүү аяллын үеэр дотоод, гадаадын оролцогчид болон хүндэт зочид Их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийн өвтэй танилцахын зэрэгцээ Монголын түүх, соёл, байгалийн өвөрмөц дурсгалт газруудаар зочлох юм. Ингэснээр үндэсний өв соёл, утга зохиолын үнэ цэнийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд тэд хамтран нэгдэж байна.
“Эх нутаг” олон улсын үйл ажиллагаа нь Монголын утга зохиол, соёлын өвийг дэлхийн уншигч, судлаачдад таниулах үндсэн чиглэлтэй аж. Түүнчлэн үндэсний өв уламжлалыг ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлэхэд тус арга хэмжээ томоохон түлхэц болох юм.