Монгол Улсын холимог тулааны спортын түүхэнд цоо шинэ амжилтын хуудсыг бичиж буй дэлхийн аварга Б.Энх-Оргил өөрийн туулсан замнал, амжилтын нууцаа хуваалцлаа. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард Бразилийн алдартай тулаанч Фабрисио де Андрадег буулган авснаар Bantamweight буюу 65.8 кг жингийн дэлхийн аваргын алтан бүсийг хүртэж, Монголын спортын түүхэнд нэгэн шинэ оргилыг эзэлсэн билээ. “ONE Championship“-ийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан түүний энэхүү түүхэн ялалтын гараа нь дотооддоо дэлхийн стандартын спортын барилга байгууламж баригдсантай шууд холбоотой аж.
Тулаанч Б.Энх-Оргилын үзэж буйгаар, “Ачит ихт” компанийн бүтээн байгуулсан “Степпе арена” мөсөн өргөө ашиглалтад орсон нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх боломжийг олгосон байна. Тус ордонд олон улсын зэрэглэлтэй “Road to ONE” урьдчилсан шатны тэмцээн зохион байгуулагдсанаар Монголын шилдэг залуус эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх алтан боломж нээгджээ. Уг тэмцээнд тэрбээр босоо байж, ялалт байгуулснаар 100 мянган ам.долларын дүнтэй гэрээг үзэглэж, дэлхийн хэмжээний тулаанд оролцох эрхээ авсан түүхтэй.
Мэдээж хэрэг дэлхийн дэвжээнд хөл тавих зам дарамт, бэрхшээлээр дүүрэн байсныг тэрбээр нуусангүй. Үндсэн тулааны өмнө “Friday Fights” шоунд хүч үзэж, ур чадвараа батлах шаардлага тулгарсан бөгөөд энэ үед “Step Link” болон түүний хамт олон замын зардал, байрлах байрны асуудлыг нь бүрэн шийдэж өгчээ. Хамгийн хүнд үе нь бэлтгэлийн явцад хүзүүний C2 сэртэн ясандаа хүнд гэмтэл авч, тулаанаас хөндийрөх эрсдэл үүссэн мөч байв. Тухайн цаг хугацаанд “Step Link”-ийн зүгээс тамирчны сар бүрийн хэрэгцээт зардлыг тасралтгүй санхүүжүүлж, сэтгэл зүйн асар том дэмжлэг үзүүлсэнд тулаанч залуу үргэлж талархаж явдгаа илэрхийллээ.
Тэрбээр тулааныхаа өмнө ивээн тэтгэгч байгууллагынхаа логог өмсгөл дээрээ залж гардаг бөгөөд энэ нь зөвхөн сурталчилгаа бус, харин харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гүн хүндэтгэл гэдгийг онцолсон юм. Спорт бол зөвхөн ялалт биш гэдгийг ухамсарласан түүний замналд дараах онцлох үйл явдлууд сэтгэлд нь тод үлджээ:
- Сайн үйлсийн аян: Түүний ах Оюутолгойд ажилладаг бөгөөд дүүгийнхээ гарын үсэгтэй футболкыг хандивын дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг нь хүнд өвчтэй хүний эмчилгээнд зориулж байв.
- Дурсамжит мөч: “Road to ONE” тэмцээний шийдвэрлэх финал яг л энэ мөсөн өргөөнд болж, түүнийг дэлхийн тавцанд гаргах гүүр болсон.
- Орчны нөлөө: Заримдаа тэрбээр ганцаараа уул руу гүйж, эсвэл бодолд автах үедээ “Степ Арена”-гийн зогсоол дээр ирээд ордныг хараад зогсдог бөгөөд “Хэрвээ гэж энэ ордон баригдаагүй байсан бол би өнөөдрийн энэ амжилтад хүрэх байсан болов уу?” хэмээн өөрөөсөө асуудаг байна.
Эцэст нь Б.Энх-Оргил Монголын спортын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг маш өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Зориулалтын заал танхим, бэлтгэлийн таатай орчин бүрдүүлэх нь ганц тамирчны амжилтаас гадна ирээдүйн олон мянган хүүхэд залуусын мөрөөдлийг амилуулах хөрөнгө оруулалт гэдгийг тэрбээр тэмдэглэлээ. “Степпе арена” бол өдгөө манай улсын цорын ганц том мөсөн өргөө бөгөөд ирэх жилүүдэд энэхүү дэмжлэгийн дор олон улсын хэмжээний шинэ аваргууд олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, нийт тамирчиддаа амжилт хүслээ.