Австралийн анчин аалз шинэ рекорд тогтоов
Австралийн халуун орны ойд амьдардаг анчин аалз дэлхийн хамгийн хурдан аалзаар тодорчээ. Independent-ийн мэдээлснээр, шинэ лабораторийн судалгааны үеэр уг аалз секундэд 3.59 метрийн хурд гаргаж, өмнөх рекорд эзэмшигчийг бараг хоёр дахин давсан байна.
Судалгааг Грайфсвальдын их сургууль болон Лондоны Империал коллежийн эрдэмтэд хийжээ. Өмнө нь дэлхийн хамгийн хурдан аалзаар Мароккогийн flic-flac spider буюу эргэлдэн хөдөлдөг аалз тооцогдож байсан бөгөөд тэр секундэд ойролцоогоор 1.7 метр хурдалдаг байв. Гэвч зарим судлаач түүний хөдөлгөөнийг жинхэнэ спринт гүйлт гэж үзэхэд эргэлзэж байсан тул эрдэмтэд олон төрлийн аалзыг ижил лабораторийн нөхцөлд шалгахаар шийджээ.
Туршилтад Их Британи, Австрали, Хойд Америк, Өмнөд Европоос цуглуулсан 160 гаруй зүйлийн аалз, мөн амьтны дэлгүүрээс авсан олон арван бодгаль оролцсон байна. Судлаачид нийт 162 зүйлийг төлөөлсөн 236 аалзны тогтвортой хамгийн дээд гүйлтийн хурдыг хэмжжээ.
Хурд нь биеийн жин, хөлийн урттай холбоотой
Туршилтын өмнө аалз бүрийг жинлэж, дараа нь координатын тор бүхий A4 болон A3 хэмжээтэй цаасан дээр гүйлтийн хурдыг нь хэмжсэн байна. Камерууд хөдөлгөөнийг бичиж, эрдэмтэд аалзны биомеханикийг шинжилжээ. Харин босоо гадаргуугаар авирах чадвартай аалзнуудыг зугтахаас сэргийлж туршилтын байгууламжийн ханыг шингэн парафинаар бүрсэн байна.
Хамгийн өндөр үзүүлэлтийг Австралийн Квинслэнд мужаас авчирсан анчин аалз үзүүлж, секундэд 3.59 метр хурдалжээ. Судлаачдын дүгнэлтээр аалзны гүйлтийн хурд ерөнхийдөө биеийн жин нэмэгдэхийн хэрээр өсдөг байна. Жишээлбэл, 1 миллиграмм жинтэй Maso sundevalli аалз секундэд ердөө 0.018 метр хурдалсан бол анчин аалз хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоожээ.
Гэхдээ ижил жинтэй аалзнуудын хооронд ч хурдны том ялгаа ажиглагдсан байна. Тухайлбал, улбар шар өнгийн sack spider болон tube spider хоёулаа ойролцоогоор 200 миллиграмм жинтэй байсан ч гүйлтийн дээд хурд нь 28 дахин зөржээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар том биетэй аалзнууд хэвлийн хэсэг нь хөдөлгөөнд саад болох хэмжээнд хүндрээгүй тохиолдолд ихэвчлэн хурдан гүйдэг. Гэхдээ үл хамаарах жишээ ч бий. Маш жижиг улбар шар goblin spider ердөө 0.1 миллиграмм жинтэй ч секундэд 0.2 метрээс дээш хурдлах чадвартай байжээ.
Мөн өндөр хурд нь урт хөлтэй холбоотой гэж судлаачид тогтоосон байна. Харин хөл нарийн байх эсэх нь гол хүчин зүйл биш аж. Үүнээс гадна аалзны ан хийх арга, амьдрах орчин, газар дээр эсвэл ургамлын дунд хөдөлдөг эсэх, мөн хэвийн байрлалаар эсвэл доош харж явдаг эсэх нь хурданд нөлөөлдөг гэж эрдэмтэд дүгнэжээ.